Японы анимэйшн киноны алдарт найруулагч Хаяо Миязаки Нобелийн шагналын Азийн хувилбар гэгддэг Рамон Магсайсайн шагналтнаар тодорлоо.
"Миязаки бол ярвигтай, хүнд сэдвүүдийг барьж авч, хүүхдүүдэд ойлгомжтой болгохын тулд урлагийг ашигладаг" хэмээн тус шагналыг үүсгэн байгуулагч сангийн мэдэгдэлд дурдаад, "Миний хөрш Тоторо" (1988), “Мононокэ гүнж” (1997), "Сүнсэнд туугдагсад" (2001), “Явдаг цайз” (2004) болон түүний хамгийн сүүлийн бүтээл болох "Хүү ба шувуу" (2023) кинонуудыг онцлон дурджээ.
Миязакигаас гадна, Бутан дахь боловсролын буяны байгууллагыг үүсгэн байгуулагч Карма Фунтшо Вьетнамын дайны үед АНУ-ын цэргүүдийн хэрэглэж байсан химийн хорт бодисын хор уршгийг судалсан Вьетнамын эмч Нгуен Тхи Нгок Фуонг, Индонезын байгаль орчныг хамгаалагч идэвхтэн Фарвиз Фархан нарыг болон Тайландын Хөдөөгийн эмч нарын хөдөлгөөнийг энэ оны шагналтнаар тодруулсан байна.
Ази тивийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан хувь хүн болон байгууллагуудад Филиппин улсаас олгодог уг шагналыг "Азийн Нобелийн шагнал" гэх нь бий.
Эл шагналыг 1957 онд онгоцны ослоор нас барсан Филиппиний Ерөнхийлөгч агсан Рамон Магсайсайн дурсгалд зориулан бий болгосноос хойш 300 гаруй хүн, холбоо, байгууллагад олгожээ. Шагнал гардуулах ёслол 11 дүгээр сарын 16-нд Манила хотноо болно.