Х СҮЛЖЭЭГ ХААХ ШИЙДВЭРИЙГ БРАЗИЛЫН ДЭЭД ШҮҮХ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

2024-09-03  

Илон Маскийн X (хуучнаар Твиттер) нийгмийн сүлжээг Бразил улсад бүрэн хаах тухай өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэрийг Бразилын Дээд шүүхийн Зөвлөл хэвээр үлдээв.

Уг сүлжээг хаахыг Зөвлөлийн гишүүд бүгд дэмжсэний зэрэгцээ "хэрвээ Х сүлжээ эрх баригчдын шаардлагыг биелүүлбэл шийдвэрийг дахин хянан үзэх боломжтой гэдгийг зөвлөлийн гурван гишүүн мэдэгджээ.

X платформыг бямба гаргийн өглөө Бразил даяар хаажээ. Энэ үед Засгийн газартай хийсэн маргаанд тус компанийг төлөөлөх шинэ өмгөөлөгчийг томилох хугацаа дууссан байв. 

Ийнхүү сүлжээг хааснаар Дээд шүүхийн шүүгч Александри ди Морайс ба X компанийн эзэн Илон Маск нарын хоорондох зөрчилдөөн оргилдоо хүрсэн байна. Худал мэдээлэл тараасан гэх олон арван хаягийг хаахыг шүүхээс дөрөвдүгээр сард үүрэг болгосны дараа тэдний маргаан эхэлжээ. Эс бөгөөс тус компанийн Бразил дахь төлөөлөгчийг баривчлахаар заналхийлсэн гэж X сүлжээ мэдэгдсэн байна. 

Х компанийн зүгээс "Бразил дахь оффисоо хаахгүй, цензүүр гэгдэх зүйлд захирагдахгүй" гэж мэдэгдсэн байна. И.Маск шүүгчийг харгислагч, дарангуйлагч гэж нэрлээд бүх хаасан хаягийг дахин идэвхжүүлнэ гэжээ. 

А.ди Морайс Х сүлжээг хаах шийдвэрийг наймдугаар сарын 30-нд гаргаж, дараа нь уг асуудлыг таван гишүүнтэй Зөвлөлд хэлэлцүүлэхээр илгээсэн байна. 

“Statista” вэбсайтаас эш татан “Reuters” агентлагийн мэдээлснээр, Бразил бол X сүлжээний дэлхийн зургаа дахь том зах зээл бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар 21.5 сая орчим хэрэглэгчтэй байжээ.

 

Эх сурвалж: РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2024 оны есдүгээр сарын 3 /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?