Сэргээшийн эсрэг журмыг зөрчсөний учир Оросын хөнгөн атлетикийн тамирчин Татьяна Томашевагийн тэмцээнд оролцох эрхийг 10 жилээр хасаж, 2012 оны Лондоны Олимпын наадмаас хүртсэн мөнгөн медалийг нь хураахаар шийдвэрлэжээ. Мягмар гарагт Швейцарийн Лозанна хотноо хуралдсан Спортын арбитрын шүүхээс ийм шийдвэрийг гаргасан байна.
Өдгөө 49 настай гүйлтийн тамирчинтай холбоотойгоор Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос /World Athletics/ гаргасан нэхэмжлэлийг шүүх хэлэлцжээ.
2012 оны 6 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 17-ны хугацаанд буюу тэмцээний бус үеэр Т.Томашевагаас авсан сэргээшийн сорьцонд анаболик стероид гэдэг хориотой бодис илэрсэн тухай CAS-ын мэдэгдэлд дурдсан байна. Үүнээс өмнө 2008 онд сэргээшийн сорьцыг сольсон хэрэгт Томашоваг сэжиглэж, тэмцээнд оролцох эрхийг нь 2 жил 9 сараар хасаж байсан юм. Үүнээс шалтгаалан CAS энэ удаад 10 жилээр эрхийг нь хасах хатуу шийтгэл оноолоо. Түүнчлэн 2012 оны 6 дугаар сарын 21-нээс 2015 оны нэгдүгээр сарын 3 хүртэлх хугацаанд үзүүлсэн Томашевагийн бүх амжилт, шагналыг хүчингүй болгосон байна.
Лондоны Олимпын 1500 м-ийн зайн гүйлтэд тэрбээр дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд Туркийн тамирчид сэргээш хэрэглэсний улмаас медалиа хураалгаснаар мөнгөн медаль хүртсэн юм. Харин САS-ын өчигдөр гаргасан шийдвэрийн дагуу мөнгөн медалийг Этиопийн Абеба Арегави, хүрэл медалийг АНУ-ын Шеннон Роубери нар хүртэхээр болж байна.
Татьяна Томашова бол 2004 оны Афины Олимпын тоглолтын мөнгөн медальт, 2003 ба 2005 онуудын дэлхийн хошой аварга тамирчин /1500 м/ юм.
Эх сурвалж: БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 4 /DW/