ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

2024-09-04  

 Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, тус хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Ерөнхийлөгч В.В.Путинд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхав.

Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд хүндтэгэл илэрхийлж, цэцэг өргөлөө. Хоёр улсын төрийн тэргүүн мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчидтай уулзав.

Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. 

Энэ удаагийн айлчлал Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулсны 75, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог байлаа.

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн үдлээ хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлэв.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?