НАРАН ДЭЭР ХАМГИЙН ОЛОН ТОЛБО БҮРТГЭГДЖЭЭ

2024-09-05  

 Өнгөрсөн наймдугаар сард Нарны гадаргуу дээр сүүлийн 23 жилийн хугацаан дахь хамгийн олон толбо бүртгэгдсэн тухай АНУ-ын Сансрын цаг агаарыг урьдчилан таамаглах төвөөс мэдээлжээ. 

Нарны толбоны тоо анх таамаглаж байснаас хоёр дахин олон байсан ажээ. Энэ нь Нарны идэвхжилийн оргил үе хэдийнээ эхэлж, эрдэмтдийн таамаглаж байснаас идэвхтэй байна гэдгийг баталж байгаа юм. 

Нарны толбо гэдэг нь Нарны гадаргуу дээрх цахилгаан соронзон цацрагийн тэсрэлт соронзон орон дундуур нэвтэрч, харьцангуй хүйтэн хэсгүүдийг бий болгосноор бидэнд хар өнгөтэй мэт харагддаг хэсгүүд юм. Нарны толбоны тоо ба хэмжээ, мөн Нарны дэлбэрэлтийн давтамж, титмийн ялгаралт зэрэг нь Нарны идэвхжилийг илтгэдэг.

Нарны идэвхжилийн мөчлөгийн хамгийн бага идэвхтэй үед Нарны толбо маш цөөхөн эсвэл огт ажиглагддаггүй байна. Жишээлбэл, 2019 оны сүүлчээр 40 хоног дараалан Нар харагдахуйц толбогүй байв. Харин Нарны соронзон орон сулрахын хэрээр Нарны толбуудын тоо хурдацтай нэмэгдэж, 11 жилд нэг удаа оргилдоо хүрдэг. Үүний дараа Нарны соронзон орон бүрэн өөрчлөгдөж, шинэ мөчлөг эхлэх хүртэл Нарны идэвхжилийг бууруулж, толбуудын тоо цөөрдөг ажээ.

Энэ оны наймдугаар сарын дундуур нарны толбоны тоо нэг хоногт дунджаар 215.5 байсан байна. Хамгийн сүүлд 2001 оны есдүгээр сард ийм олон тооны толбо бүртгэгдэж байсан ба тухайн үед дунджаар 238.2 толбо бүртгэгдэж байжээ. Наймдугаар сарын 8-нд 337 толбо бүртгэгдсэн нь 2001 оны гуравдугаар сараас хойших нэг өдрийн доторх хамгийн өндөр тоо юм. Эдгээр мэдээлэл нь Нарны идэвхжилийн оргил үе эхэлснийг харуулж байгаа боловч толбоны тоо багасаж эхэлсний дараа л үүнийг батлах боломжтой ажээ. 

АНУ-ын Сансрын цаг агаарыг урьдчилан таамаглах төвийн эрдэмтэд Нарны одоогийн идэвхжилийн мөчлөг 2020 онд эхлэхэд өмнөхтэй адил харьцангуй сул байна гэж таамаглаж байв. Өмнөх мөчлөг 2014 онд дууссан бөгөөд сүүлийн 90 жилийн хамгийн сул идэвхжил болсон юм. 2024 оны наймдугаар сард өдөрт дунджаар 107.8 толбо бүртгэгдэнэ гэж таамаглаж байжээ. Нарны идэвхжилийн оргил үе 2025 оноос өмнө тохиохгүй гэж таамаглаж байсан хэдий ч бүх таамаглал эвдэгдсэн тул эрдэмтэд шинэчилсэн таамаглал гаргажээ. Тодруулбал, Нарны идэвхжилийн оргил үе 2024 оны дундуур тохиож, илүү идэвхжих төлөвтэй байна. 

 
Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 5 /Live Science/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?