ЗӨВХӨН ЦАХИЛГААН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨСӨӨ "VOLVO" ТАТГАЛЗЖЭЭ

2024-09-05  

Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo” компани 2030 он гэхэд зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө орхиж байгаагаа зарлаж, тухайн үед тодорхой тооны хос хөдөлгүүртэй автомашинуудаа борлуулна гэдгээ мэдэгджээ.

Тус компани гурван жилийн өмнө олон нийтэд танилцуулж байсан уг төлөвлөгөөнөөс татгалзах болсон шалтгаанаа зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж байна. Зарим томоохон зах зээлд цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт буурч, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд худалдааны татвар ногдуулснаас үүдэн тодорхойгүй байдал үүсээд байгаа энэ үед уг шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр байгаль орчинд ээлтэй гэдгээ сурталчилсаар ирсэн “Volvo” нь “General Motors”, “Ford” зэрэг бусад томоохон автомашин үйлдвэрлэгчийн адилаар үйлдвэрлэлийн зорилтоосоо ухарлаа. “Volvo” одоо 2030 он гэхэд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийнхээ 90-ээс доошгүй хувийг цахилгаан автомашин болон хос хөдөлгүүрт автомашинаар бүрдүүлнэ хэмээн тооцоолж байгаа ажээ.

Компанийн гүйцэтгэх захирал Жим Рован мэдэгдэхдээ “Бидний ирээдүй цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс шалтгаална гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч үүнд шилжих үйл явц шулуун дардан биш бөгөөд хэрэглэгчид болон зах зээлүүд өөр өөр хурдтайгаар өөрчлөгдөж байгаа нь тодорхой байна” гэжээ.

Цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалт удаашралтай, хэрэглэгчдэд олгох татаас урамшууллыг зогсоосон зэргээс шалтгаалан бизнесийн орчин өөрчлөгдсөн гэж тус компани мэдэгдсэн байна.

“Volvo”-гийн ихэнх хувьцааг Хятадын автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Geely” эзэмшдэг бөгөөд Хятадад үйлдвэрлэлээ явуулдаг тул Европ болон Хойд Америкийн орнуудын зүгээс Хятадын цахилгаан автомашины импортод ногдуулсан татвар ч мөн адил тус компанид нөлөөлөх юм.

 
 
Эх сурвалж: СТОКХОЛМ, 2024 оны есдүгээр сарын 5 /BBC/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?