ЕВРОПЫН ШҮҮХ "APPLE", "GOOGLE"-ИЙН ТАЛААР ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

2024-09-11  

 Мягмар гарагт Европын Холбооны шүүх /ECJ/ “Google” компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн гэж үзсэнээс гадна “Apple” компани Европын Холбоонд /ЕХ/ 13 тэрбум еврогийн /14.3 тэрбум ам.доллар/ татвар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Эдгээр шийдвэр бол Америкийн технологийн томоохон компаниуд татварын цоорхойг ашиглаж буйг зогсоох гэсэн оролдлого хэмээн шинжээчид үзэж байна. 

“Ирланд улс “Apple”-д хууль бус татварын хөнгөлөлт үзүүлсэн, одоо үүнийгээ эргүүлэн авах ёстой” гэж ECJ-ийн шүүгчид мэдэгдээд, тус компанийн Дублинтай байгуулсан татварын хэлэлцээрийн талаар дурджээ.

Харин “Google”-д үүсгэсэн хэрэг 2017 оноос эхлэлтэй бөгөөд тухайн үед ЕХ-ны зүгээс "хайлтын системд өөрийн “Google Shopping” холбоосыг эхэнд нь байршуулсан" гэж тус компанийг буруутгаж байжээ. Энэ бол монополийн эсрэг журмыг зөрчсөн үйлдэл гэж тус холбоо үзэж байгаа юм.

“Google”-д 2.4 тэрбум еврогийн торгууль ногдуулсан шийдвэрийг тус компани давж заалдсан боловч ECJ торгуулийг хэвээр үлдээжээ. “Зах зээлийн онцлог, хэргийн нөхцөл байдлын үүднээс үзэхэд “Google”-ийн үйл ажиллагаа нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байсан” гэж шүүгчид мэдэгдсэн байна. Үүний хариуд “Google” компани мэдэгдэхдээ, ЕХ-ны дүрэм журмыг дагаж мөрдөхийн тулд 2017 онд өөрчлөлт оруулсан гэжээ.

“Apple”-ийн эсрэг хэрэг 2016 оноос эхлэлтэй бөгөөд Ирландад төв байртай тус компани Ирландын эрх баригчидтай татварын таатай нөхцөл бүхий гэрээ байгуулсан гэж буруутгажээ. ЕХ-ны зүгээс олон тэрбумын татварын хөнгөлөлтийг Ирландад буцааж төлөхийг “Apple”-аас шаардаж ирсэн юм.

“Google” болон “Apple”-ийн эсрэг гаргасан шийдвэрийн аль аль нь эцсийнх бөгөөд хүчингүй болгох боломжгүй ажээ.

ЕХ-ны Монополийн эсрэг асуудал эрхэлсэн албаны дарга Маргрете Вестагер шүүхийн шийдвэрийг сайшаасан байна. “Өнөөдөр татварын шударга зарчимд нийцсэн маш том ялалтыг байгууллаа” гэж тэрбээр X хуудсандаа бичжээ. Мөн “Google”-д холбогдох шийдвэрийг "дижитал шударга ёсны томоохон ялалт" хэмээн дүгнэжээ.

Харин “Apple” компанийн мэдэгдэлд “Европын Комисс дүрэм журмаа буцаан өөрчлөхийг оролдож байна" гэж буруушаагаад "олон улсын татварын хуулийн дагуу АНУ-д манай компанийн орлогод татвар ногдуулдаг болохыг харгалзан үзэхгүй байна” хэмээн дурджээ.

 

Эх сурвалж: БРЮССЕЛЬ, 2024 оны есдүгээр сарын 11 /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?