Австралийн эрх баригчид нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насанд хязгаар тогтоож, хүүхэд, өсвөр насныхан уг сүлжээг ашиглахыг хориглохоор төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Энтони Албанез мэдэгдэв.
Түүний хэлснээр, энэ оны эцэс гэхэд батлахаар төлөвлөж буй шинэ хууль нь "хүүхдүүдийг цахим аюулаас хамгаалах, интернэтээс залуучуудад учирч буй хор хөнөөлийг багасгахад тус дөхөм болно". “Олон нийтийн сүлжээ нь нийгэмд хор хөнөөл учруулж, хүүхдүүдийг жинхэнэ найз нөхдөөс нь холдуулж, бодит амьдралын туршлага олж авах боломжийг тэдэнд олгодоггүй гэдгийг бид бүхэн мэднэ" гэж Э.Албанез мэдэгджээ.
Австралийн Засгийн газар "хүүхдүүдийг нийгмийн сүлжээн дэх хор хөнөөлтэй контентуудаас хамгаалахыг зорьж байна. Бид хүүхдүүдийг төхөөрөмжөөс ангижирч, хөл бөмбөг, волейболын талбай, усан санд очдог болгохыг хүсэж байна. Ингэснээр тэд амьд харилцаа үүсгэх бодит туршлагыг олж авах болно" гэж Ерөнхий сайд удахгүй хийх өөрчлөлтийн талаар тайлбар хийхдээ мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн технологийн платформууд болон нийгмийн сүлжээний админууд нь контентууд, тэдгээрт хандах хандалтыг хянах үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв. "Нийгмийн сүлжээнийхэн өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт дүр эсгэх ёсгүй, бид тэднийг нийгмийн хариуцлага хүлээдэг болгоход бэлэн байна" гэж Австралийн Засгийн газрын тэргүүн хэлжээ.
Өмнөд Австрали муж улсын эрх баригчид 14-өөс доош насны хэрэглэгчдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох тухай хуулийг батлахад бэлэн байгаагаа өмнө нь мэдэгдсэн байна. Тус улсын холбооны засгийн газар олон нийтийн сүлжээнүүдэд хаяг нээж, ашиглах эрхтэй хүмүүсийн насыг 16 насаар хязгаарлаж, шалгуурыг улам өндөрсгөхөөр төлөвлөж байгаа ажээ.