Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МУИС хамтран энэ сарын 30-нд зохион байгуулах Монголын орчуулагчдын үндэсний чуулганыг угтсан дөрөв дэх удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болов.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт манай улсад бүртгэлтэй орчуулагч, хэлмэрчдийн эвлэл, холбоо, нийгэмлэг, орчуулгын товчооныхон оролцож байна. Хэлэлцүүлгүүдээр “Орчуулгын салбарын тулгамдсан асуудал", "Орчуулагч, хэлмэрч мэргэжилтний чадвар", "Орчуулгын бүтээлийн чанар, стандарт", "Орчуулгын салбарын хөгжлийн шийдэл" сэдвийг хөндөж, гаргасан саналуудыг нэгтгэн, үндэсний чуулганаар хэлэлцүүлэх юм.
Хэлэлцүүлгүүдээр хамгийн их хөндсөн асуудлын талаар доктор, дэд профессор, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар, Ази судлалын тэнхим, орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвийн эрхлэгч Ш.Эгшигээс тодруулахад, "Орчуулагч бэлдэж буй боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр болон монгол хэлний сургалт доголдсоныг хэлж байна. Мөн орчуулгын бүтээлийн чанар, орчуулгын товчоодын тамга тэмдэг болон эвлэл холбоод юу хийх ёстой, хиймэл оюун ухааны эрин үед энэ салбар яаж хөгжих, дэлхий нийтээр хиймэл оюуны орчуулга ашиглаж байгаа энэ үед бид яах ёстой, ямар шийдэл байгааг хамгийн их хөндөж буй"-г онцолж байлаа.
Орчуулагчдын үндэсний чуулганаар орчуулагч, хэлмэрч нарын санал бодлыг нэгтгэж, нийгэмд тулгамдаж буй асуудал, орчуулгын бүтээлийн чанар, стандартыг дээшлүүлэх, шийдэх арга замыг хэлэлцэх ажээ.
Орчуулагчдын үндэсний чуулганыг угтан салбар хэлэлцүүлгийг энэ сарын 6-12-ны өдрүүдэд дөрвөн удаа зохион байгууллаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ