Н.МОДИТОЙ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УУЛЗАНА ГЭЖ Д.ТРАМП МЭДЭГДЖЭЭ

2024-09-18  

 Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой ирэх долоо хоногт уулзана гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ. 

Мичиган муж улсад болсон сонгуулийн кампанит ажлын үеэр энэ тухай мэдэгдсэн Д.Трамп Энэтхэгийг худалдааны тал дээр “маш том хүчирхийлэгч” гэж нэрлэсэн боловч Н.Модиг “гайхалтай хүн” хэмээн тодорхойлсон байна. 


“Моди ирэх долоо хоногт надтай уулзахаар ирнэ” гэж Д.Трамп хэлсэн ба уулзалт хаана болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Өнгөрсөн ням гарагт амь насанд нь халдахыг завдсанаас хойш Ерөнхийлөгч асан анх удаа олны өмнө гарсан нь энэ юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден есдүгээр сарын 21-нд Делавэр муж улсын Уилмингтон хотноо Н.Моди, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нарын оролцох “Quad”-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Энэтхэгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Н.Моди Нью-Йоркт албан ёсны зарим үйл ажиллагаанд оролцох ажээ. Сүүлийн саруудад Ж.Байдентай уулзах, мөн бусад дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д айлчилсан зарим удирдагч Д.Трамптай уулзсан юм. Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп дэд Ерөнхийлөгч Камала Харристай өрсөлдөнө.

Д.Трамп, Н.Моди нар Ерөнхийлөгч асныг төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд ойр дотно харилцаатай байсан юм. Тухайлбал, Н.Моди 2019 онд АНУ-д айлчлах үеэр Техаст болсон 50 мянга гаруй хүн оролцсон “Сайн уу, Моди!” цуглааны үеэр талууд бие биеэ сайшааж байлаа. Н.Моди мөн 2020 онд Д.Трампыг Энэтхэгт айлчлах үеэр томоохон цуглаан зохион байгуулж, тэнд цугласан хүмүүс “Намасте Трамп” гэсэн бичигтэй малгай өмссөн байв.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 18 /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?