ИШИКАВАД ҮЕР, ХӨРС НУРАХ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖЭЭ

2024-09-23  

Японы Цаг уурын агентлаг Ишикава мужийн зарим нутгаар хүчтэй аадар бороо орохыг сэрэмжлүүлж, үер, хөрс нурах аюулаас сэрэмжлэхийг оршин суугчдад уриалжээ.

Өнөө өглөөний 09:00 цаг хүртэлх 72 цагийн хугацаанд тус мужийн Важима хотод 540 мм, Сүзү хотод 400 гаруй мм хур тунадас унасан байна.

Ишикава мужид байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болоод байна. Мөн голын дагуу байрлах дөрвөн байшин урссан гэж Важима хотын цагдаагийн ажилтнууд, гал сөнөөгчид мэдээлжээ.

Батлан ​​хамгаалах яам Ишикава мужийн эрх баригчдын хүсэлтийн дагуу Өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнийг Важима, Сүзү, Ното руу илгээсэн байна. Япон даяар ойрын өдрүүдэд аадар бороо үргэлжлэх төлөвтэй байна.

“East Japan Railway” компани ням гарагт Ямагата, Шинжо буудлын хооронд суман галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсооно гэж мэдэгджээ. Тус компани нийтийн тээврийн үйлчилгээний талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цахим хуудаснаасаа авахыг зорчигчдод уриалсан байна.

Японы хөрсний нуралт судлалын мэргэжилтэн Охно Хироюкигийн ярьснаар бол, Ното бүсийн газарзүйн байрлал нь маш эгц тул хөрс нурах аюултай байдаг. Үүний зэрэгцээ шинэ оны эхний өдөр тус бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсноор хөрс суларсан тул бага зэрэг бороо орсны дараа ч хөрс нурах эрсдэл нүүрлэж байгаа аж. 

 

Эх сурвалж: ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 22 /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?