Америкчууд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлсэн тул дахин мэтгэлцээн хийхэд хэтэрхий оройтсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп бямба гарагт мэдэгджээ.
Хойд Каролина муж улсын Уилмингтон хотод болсон сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр Д.Трамп хэлэхдээ, санал хураалт хэдийн эхэлсэн тул дахин мэтгэлцэхэд оройтсон гэв.
“Одоо ялагдаж байгаа учраас тэрбээр CNN телевизээр мэтгэлцэхийг хүсэж байна” гэж Д.Трамп дэд Ерөнхийлөгч Камала Харрисын талаар дурдан хэлжээ.
Гэхдээ К.Харрис, Д.Трамп нарын өрсөлдөөнд тодорхой лидер гарч ирээгүй хэвээр байгааг олон нийтийн санал асуулгуудын дүн харуулсаар байна.
Бямба гаргийн өглөө К.Харрис CNN-ийн ирэх 10 дугаар сард зохион байгуулах мэтгэлцээнд оролцох урилгыг хүлээн авсан гэдгээ мэдэгджээ. Харин Д.Трампын сонгуулийн штабын зүгээс, дахин мэтгэлцээнд оролцохгүй гэсэн Ерөнхийлөгч асны байр суурийг дахин илэрхийлсэн байна.