65-ын буюу "бүдүүн" бүлэг их хуралд бий болсон нь сөрөг хүчнээс илүү аюул дагуулах болжээ. "Бүдүүн" бүлгийн сонирхол нь, Засгийг тэр чигт нь хяналтандаа авах сонирхол юм. Өөрөөр хэлбэл, тэд сул УИХ-ын гишүүн байхыг хүсэхгүй байна. Тэдний хүсэл бүгдийг контрольдох, эрх мэдэлдээ байлгах хүсэл юм. Томилгоонд аль болох оролцох хүслээ гишүүд нуухгүй байна. Тиймээс ч Засгийг огцруулна гэсэн дам яриаг тэд үүсгэсэн. Харин үүний ард хэн байгаа вэ? гэдгээ битүүхэндээ нууцалж байна. М.Энхболд УИХ-ын дарга болох ёсгүй, тэр Засгаа тэргүүлэх ёстой гэсэн хэл яриаг анхлан гаргасан Ө.Энхтүвшингийн нэрийг өмнөө барих болов. Ө.Энхтүвшин засаг унагах бодолгүй гэдгээ илэрхийлснээ, УИХ-ын чуулганаар баталгаажуулав. Гэвч Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр нь "цөмчих" бодол "бүдүүн" бүлэгт нэгэнт бий болсныг нуух аргагүй болжээ. Харин үүний ард чухам хэн байна вэ? гэдэг цаг хугацааны л асуудал болжээ.
Ц.ХИШГЭЭ