Энэ жилийн шатрын аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Нью Йорк хотод болно. Нэг сая еврогийн шагналын сантай. 60:40 харьцаагаар шагналыг хувааж олгодог. Тэмцээн эхлэхэд бүх бэлтгэл хангагдсан ч, Олон Улсын Шатрын Холбооны ерөнхийлөгч Кирсан Үлимжиновыг АНУ-д хөл тавихыг АНУ хоригложээ.
Түүнийг Сирийн алан хядагчдыг дэмжсэн, Сирийн төв банкинд санхүүжилт хийсэн гэдэг үндэслэлээр АНУ-ын хилийн дээсийг алхах хориг тавьжээ. Нью-Йоркийн чиглэлд нисэхээр завдсан Кирсан Үлимжиновыг Москвагийн онгоцны буудлаас болиулсан байна. "Би зузаан хувцас хунар аваагүй. Харин шатраа бол авсан. Америкт шоронд ороход би бэлэн. Дэлхийн аваргын үеэр шоронгийн камертаа шатраа тоглоё. Би АНУ-ын шүүхтэй заргалдахад бэлэн байна. Тэд ор үндэсгүй зүйлээр гүтгэж байна. Би төрийн нарийн бичгийн дарга Керрид захидал бичсэн. Обаматай холбогдоно. Болохгүй бол тус улсын иргэн нь болж байгаад шүүхдэнэ" гэж тэр хэллээ.
Ц.ХИШГЭЭ