“АРИЛЖААНЫ БАНКНЫ ХҮҮНИЙ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ”

2016-11-10  

Манай орон эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр эрсдэлийн тухай ойлголт, эрсдэлийн асуудал, түүний мөн чанар ихээхэн анхаарал татах болсон. Эрсдэл хэмээх ойлголт нь гадаадын тайлбар толь бичгүүдэд “байж болох, учирч болох аюул”, “эерэг үр дүнтэй болно гэж найдах” мөн түүнчлэн эрсдэх гэдэг нь “юу ч тохиолдсон бүхий л хариуцлагыг өөртөө хүлээх” гэх зэргээр тайлбарлан бичсэн байх ба өөрөөр хэлбэл эрсдэлийн сууринд ирээдүйд гарах үр дүнд бүрэн итгэхгүй, итгэл төгс бус байх явдал оршдог. Эрсдэл гэдэг нь үргэлж түүнээс зугтаж, тойрч байх тэр л зүйл. Харин банкны эрсдэл нь өөрийн тогтолцоондоо ихээхэн бие даасан онцлогтой хэдий ч эдийн засгийн эрсдэлүүдийн нөлөөлөлд оршдог.

Банкны дотоод эрсдэлүүд хоорондоо нягт холбоотой бөгөөд харилцан бие биений нөлөөлөл доор оршдог. Банк зээл олгох, хадгаламж татах, хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагаанууд нь хүүний эрсдэлийг үүсгэдэг. Хүүний эрсдэл нь богино хугацаанд банкны нийт хүүний орлогод сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Аливаа бизнесийн байгууллагын гол зорилго нь ашиг олох замаар хувь нийлүүлэгчдийнхээ хөрөнгийн өгөөжийг хамгийн их байлгахад чиглэгддэг. Банкууд хоорондоо өрсөлдсөнөөр зээлийн хүүгээ бууруулах, нөгөө талаас хадгаламжийн хүүгээ тогтвортой байлгах сонирхолтой болсон. Гэвч зах зээл дээрхи энэ хоёр  хүүний өөрчлөлтөөс тухайн банкны ашигт ажиллагааны түвшин буурах, тэрч байтугай их хэмжээний алдагдалд орох эрсдэл байнга дагалдаж байдаг. Банкны эрсдэл нь дан ганц тухайн банкинд нөлөөлөөд зогсохгүй улс орны эдийн засагт нөлөөлж санхүүгийн хямралд хүргэдэг сөрөг үр дагавартай. Иймээс зах зээлийн тогтвортой бус, банкны ашигт ажиллагаа буурч байгаа энэ цаг үед хүүний цэвэр зөрүүг тодорхойлох, хүүний эрсдэлийн удирдлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.  Тухайлбал, Сүүлийн 4 жилийн дунджаар тооцвол банкны систем дэх нийт зардалын хэмжээнд 57 орчим хувийг хүүний зардал, нийт орлогын хэмжээнд хүүгийн орлогын хэмжээ 83 орчим хувь буюу дийлэнхи хувийг эзэлж байгаа тул арилжааны банкуудын хувьд арилжааны банкны хүүний эрсдэлийн удирдлагыг судалж сайжруулах арга замыг байнга эрэлхийлж байх нь зайлшгүй шаардлагатай байна.

Монгол банкнаас арилжааны банкуудад зөвлөмж зөвлөмж болгон гаргасны дагуу банкны хүүний эрсдэлийг удирдах хамгийн үндсэн, суурь аргачлал нь GAP юм.  Хувьсах хүүтэй актив болон пассивын зөрүүгээр GAP илэрхийлэгдэнэ.

Хувьсах хүүтэй актив гэдэгт зах зээлийн хүү өөрчлөгдөхөд түүнийг дагаад хүүг өөрчлөх шаардлагатай болдог зээл,үнэт цаас,бусад банкинд хадгалуулсан хадгаламж, харилцах гэх мэт активууд орно.

Харин хувьсах хүүтэй пассив гэдэгт мөн зах зээлийн хүү өөрчлөгдөхөд түүнийг дагаад өөрчлөх шаардлагатай болдог бусдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламж болон бусад пассивууд орно. Эдгээр актив, пассивууд нь тухайн таамаглаж байгаа хүүний өөрчлөлт гарахад хугацаа нь дуусах буюу дахин үнэлэгдэх эсвэл хүү өөрчлөгдөхөөр таамаглагдаж байгаа хугацаа хүртлэх хугацаанаас бага хугацаатай актив, пассивын зөрүүг тэгтэй тэнцүүлсэнээр хүү өөрчлөгдөхөд эрсдэл үүсгэхгүй явдал гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар банкны салбарын хэмжээнд нийт 14 банк үйл ажиллагаагаа явуулж байна. Банкны системийн хэмжээнд GAP эерэг, банк тус бүрээр авч үзэхэд мөн адил эерэг GAP-тай байна. Энэ нь зах зээл дээрх хүүний түвшин өөрчлөгдөхөд  эерэг GAP-тай банкны хувьд хүүний цэвэр орлогод сөргөөр нөлөөлдөг. Зээл болон хадгаламжийн хүүний түвшиний өөрчлөлтийг харвал хадгаламжийн хүүний өсөлт зээлийн хүүний өсөлтөөс өндөр байгаа нь банкууд татан төвлөрүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байгааг харуулж байна. Банкуудын зээлийн хүүг авч үзвэл харьцангуй ялгаатай, зээлийн хүүний хувьд хэлбэлзэл ихтэй байгаа юм. Харин хадгаламжийн хүү харьцангуй тогтмол өссөн үзүүлэлттэй байна.

Банкны хүүд мэдрэмжтэй активын бүтцийг авч үзвэл 63%-г зээл үлдсэн хувийг ЗГ-н богино хугацаат бонд, гадаадын банкин дахь хадгаламж, Монгол банкин дахь хадгаламж эзэлж байна. Хүүд мэдрэмжтэй пассивын хувьд 44 орчим хувийг хугацаатай хадгаламж, 14 орчим хувийг хугацаагүй хадгаламж, үлдсэн хувийг Монгол банкны зээл репо үнэт цаас, харилцах хадгаламж эзэлж байгаа бөгөөд эндээс харахад банкуудын эх үүсвэр бүрдүүлэлтийн зардал өндөр байгааг харж болох юм. Хугацааны хувьд задлан авч үзвэл 1 жил хүртэл буюу богино хугацаатай зээл нийт хүүд мэдрэмжтэй активын 63 орчим хувийг, нийт эх үүсвэрийн 87 орчим хувийг богино хугацаатай эх үүсвэр эзэлж байгаа юм. Үүнээс харахад банкны хувьд богино хугацаанд GAP сөрөг, дунд болон урт хугацаанд GAP эерэг байна.

Хүүний эрсдэлээ удирдахын тулд арилжааны банкууд зах зээлийн хүүний түвшиний өөрчлөлтийг урьдчилан таамаглаж байх хэрэгтэй. Ингэснээрээ актив, пассивын удирдлагыг оновчтой хэрэгжүүлж чадна. Зах зээлийн хүүнд нөлөөлөгч хүчин зүйлсэд долларын ханш, мөнгөний нийлүүлэлт, нийт хадгаламжийн үлдэгдэл, нийт зээлийн үлдэгдлийн сарын өөрчлөлт, мөн инфляцийн түвшинг авч үзэн шинжлэхэд зах зээлийн хүүний түвшин буурах хандлага ажиглагдаж байна. Зах зээлийн хүүний түвшин буурч байгаа, арилжааны банкуудын GAP эерэг байгаа энэ тохиолдолд банкууд урт хугацаатай хөрөнгө оруулалт, зээлийг дэмжих, богино хугацаат хувьсах хүүтэй пассивыг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь зүйтэй байдаг. Мөн арилжааны банкууд GAP-н шинжилгээг сар, улирал бүр тооцож, хүүний эрсдэлийг таамаглаж шийдвэр гаргалтандаа хэрэгжүүлж байх нь зүйтэй юм.

 

 

СЭЗДС-Н МАГИСТРАНТ  Б.ЦЭРЭНЛХАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Үйлчлүүлэгч:Манайд ХААН БАНК бол зүгээр л идэж ууж байгаа ш д 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?