Улс орон өр ширэндээ баригдаж, элгээрээ хэвтэж, ард иргэдийн амьдрал ядуурлын туйл руу уруудаж байна. Хэн ийм байдалд хүргэв? Юунаас болов? Ямар хүчин зүйл нөлөөлөв? Яагаад? гэсэн шил дараалсан олон асуулт ургана. Улс төрчид, эрх баригчид үүнд хариулах ёстой. Тэд үүнийг гардан хийсэн хүмүүс. Эрх барьж, эрх барилцаж явсан хоёр, гуравхан намын цөөн хэдэн улс төрчид Монгол орныг сүүлийн 25 жил удирдсан. Улс орныг өрөнд оруулна, ард иргэдээ ядууруулна, амьдралын түвшинг нь доройтуулна, ирээдүйдээ итгэх итгэлийг нь унтраана бөхөөнө гэж тэд сонгуулийн хөтөлбөртөө оруулж байсныг огт санахгүй байна. Харин хөгжүүлнэ, дэвжүүлнэ, жаргалын оронд аваачна. Иргэн та манай намыг дэмж, намайг сонго, биднийг олонхи болгочих тэгээд л болоо гэж хэлж ирснийг бол мартаагүй. Тэгээд яагаад өгсөх нь уруудаад, дэвжих нь доошлоод, хөгжих нь ухраад байна вэ, яагаад эсрэгээрээ яваад байна вэ, энэ нийгэм. Хэн жолооны ард сууна вэ? Хааш нь залуурдана вэ, тэгэхлээр. Гадны нэгэн зочин Монголын төрийн тэргүүн байсан нэгэн эрхэмтэй уулзахдаа :
" Монголчууд гайхалтай ухаантай, суу зальтай ард түмэн юмаа. Өргөн уужим газар нутаг, арвин мал сүрэг, шавхагдашгүй газрын баялагийг өвлөж үлдсэн ердөө л 3-хан сая ард түмнээ яаж ингэж гутамшигтай амьдруулж чадаж байна аа? Хөгжүүлэх нь амархан байтал, ядуу байлгаж чадаж байна. Үүнийг гайхалтай заль, ухаан гэж хэлье" гэж егөөдөөд," нөгөө талаас үүнийг ШУНАЛ гэж хэлье. Монголын улс төрчид ердөө л шуналаа татвал Монгол улс хөгжинэ"
гэж хэлжээ. Энэ бол маш том мэргэжилтний онож тавьсан онош юм. Монголын нийт баялгийн 97 хувийг тэдгээр шунал бүхий 3-хан хувь нь дээрэмдчихээр бусдад нь юу үлдэх юм бэ, хар ухаанаар бодохлоор. Тэгэхээр улс төрчид шуналаа татаж чаддаггүй юм бол шуналд нь хяналт тавьцгаая. Хяналт бол хөгжлийг түргэтгэх бас нэгэн оньс. СОNRTOL.MN монголынхоо хөгжлийн төлөө зүтгэнэ. Өнөөдрөө аз жаргалтай сайхан болгоцгооё. Өнөөдөр сайхан бол маргааш түүнээс ч сайхан байна.
Ц.ЭНХБАТ