ШҮҮМЖЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГАА ХЯМРААЛАА

2016-11-30  

Ингэж эдийн засагч нар хэлж байна. Манай улсын эдийн засгийн үзүүлэлтийг хасах руу оруулахад хүргэсэн салбар бол үйлдвэрлэл, нийлүүлэлт талаасаа Монголын барилгын салбар юм байна. Барилгын салбарын хөөс хагарч байна гэж үзэж болох ч  орон байргүй олон арван мянган залуу гэр бүлийг бодохоор бас харамсмаар. Сингапурын хөгжлийн нэг нууц нь орон сууцжуулалт, барилгын салбараа дэмжсэн санхүүжилт байсан гэдэг. Хэдий энэ салбар өөрөө ашиггүй байж болох ч нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэж өгдөг ач холбогдолтой. Зүүн чиглэлийн нам гэгдэх МАН өрсөлдөгч намаа муухай харуулахын тулд зах зээлд хоноцын сэтгэлээр хүйтэн хандаж байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Байртай залуус ажил хийхийг эрмэлзэнэ. Үр хүүхдээ тохилог амьдруулахыг хүснэ. Гэтэл тэдний хүсэл мөрөөдлийг утгагүй улс төржилт уландаа дэвсэлж байгаа юм.

Шинжээчдийн өгч буй дүгнэлтээр, 2017 оны баталсан төсөвт жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох үзэл санаа огт суугаагүй гэнэ. Нөгөө л улстөржсөн, бас 2017 онд болох ерөнхийлөгчийн сонгууль угтсан болохыг судлаачид шүүмжилж байна. Мөн сонгогдсон тойрог бүртээ тодорч харагдах гэсэн УИХ-ын гишүүдийн хувийн амбиц их шингэсэн тул, сахилга бат муутай төсөв болсон гэж эдийн засагч Ч.Отгочулуу тодотголоо. Учир нь төсвийн өндөр алдагдал нь инфляцийг үүсгэдэг. Мөн мөнгөний үнэ цэнэ буурах дохио болдог. Ийм учраас жижиг дунд бизнес эрхлэгч нарт ирэх санхүүжилт, зээл эрс хомсдож хүнд байдалд ордог. Төсвийн алдагдал нь ажлын байрны хамгийн том дайсан байдаг.

Дээр нь төсвийг асар их алдагдалтайгаар баталснаас үүдэн Монгол улсын зээлжих зэрэглэл ч буурсан. Төсвийн зардыг яагаад ингэж хэт өсгөж баталсан нь ойлгоход их хэцүү. Нөгөө шалтаг заагаад байсан их гадаад өрийн төлөлт нь өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад сүйдтэй жин дараад байгаа юм ч алга. Үндэсний аудитын газраас мэдээлснээр Монгол Улсын Засгийн газрын нийт гадаад өр 4 их наяд төгрөг байгаа юм. Үүнээс 300 тэрбум төгрөгийг нь ирэх онд эргүүлэн төлөх юм байна. Өөрөөр хэлбэл сүржигнэх зүйл огт алга. Харин энэ гадаад өр гэж хий айлгаж байгаад үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг ард түмний нуруун дээр үүрүүлэх мэх хийчихлээ гэж хардаж буй хүмүүс байна.

Эдийн засгийн сэргээх төлөвлөгөө нь 2014, 2015 онуудын хөтөлбөрөөс онцын ялгаагүй. Санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхойгүй тулд түүнээс хүлээх, найдах зүйл байхгүй. Дээр нь ийм удирдлагатай байхад ямар ч сайн төлөвлөгөө биелэх найдлага муу. 2016 оны сонгуулийн дараа иргэдийн итгэл сэргэж, төгрөгийн ханш чангарч, манай улсын гадаад, дотоод бондуудын үнэлгээ эрс сайжирч байсан атал Монгол банк, Сангийн Яамны бэртэгчин бодлогын улмаас төгрөгийн ханш огцом унасан. Монгол банк, Сангийн яамны зүгээс зах зээлийн хүлээлтийг зөв залж чадаагүй нь Зээлжих зэрэглэл буурахад нөлөөллөө гэж шинжээчид дүгнэж байна.

Мөнгөний ба төсвийн уялдаа холбоотой нэгдсэн бодлого харагдахгүй байгаа тухай шүүмжлэл газар авлаа. Он гараад Хөгжлийн банкны (2011-2012 онд) увуулан цувуулан авсан Евро бондны 600 гаруй сая ам долларын өрийг дарах ёстой атал Төв банк, Засгийн Газар хоёр валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар ямар ч дорвитой арга хэмжээ авсангүй.

Хятадаас 4,2 тэрбум ам.долларын зээл авах эсэх, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах эсэх нь сонгуулиас хойш одоо болтол тодорхой болгоогүй. Тиймээс удирдлага, менежментийн хоосрол газар авчээ. Үүнийг засаглалын хямралаас засаглалын хомсдол руу орлоо гэж хэлж болох юм. Учир нь 2012-2016 оны УИХ-д олонхи болсон нам байгаагүй. Хэрүүл тэмцэл ихтэй байсан. Гэтэл 2016 оны сонгуулиар 35 биш, 45 биш (дангаараа засаг байгуулах боломжтой), бүүр 55 ч биш, харин 65 суудлыг ард түмэн МАН-д өгсөн. Ард түмэн тултал нь дэмжээд байхад л өнөөдрийн эрх баригчид яст мэлхийн хурдаар, үлбэгэр сулбагар ажиллаж байна.  Хөрөнгө оруулалт, мөнгө зээлийн нэгдсэн стратеги ч алга байгааг харж болох нь. Хөрөнгө оруулалтыг татах боломж Монголд бий. Уламжлалт геологи, уул уурхай, хайгуулын салбараас эхэлж болно. Шинэ лицензийг олгож хөрөнгө оруулалт татагдана. Түүний зэрэгцээ дотоодын хөрөнгө оруулалт буюу иргэдийн хуримтлал, хөрөнгө мөнгийг ч эргэлтэнд оруулах шаардлагатай. Иргэдийн хуримтлал огцом хурдтай өсч байна, Засгийн газар, Монголбанкны бондоор татсан мөнгө ч ихэслээ. Экспорт сайжирч байна. Энэ мэт санхүүгийн нөөц боломжийг ашиглаж чадахгүй суугаа нь удирдлагын олдмол хомсдол өвчин туссаныг илтгэж байгаа юм.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?