УРД ХӨРШИЙН ХАТУУРХАЛ

2016-12-06  

Энэ сарын 1-нээс эхлэн “Ганцмод” боомтын үйлчилгээний хураамжийн төлбөрийн нэршил болон үйлчилгээний хураамжийн стандартад дараах өөрчлөлтүүдийг оруулсан шийдвэрийг урд хөрш гаргасан. Тухайлбал, хилээр нэвтэрч буй бүтээг­дэхүүний тонн тутамд найман юань, хилээр нэв­тэрч буй машин бүрээс 10 юань, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний хураамж авах болсон юм. Ингэснээр манай улсын эдийн засагт тийм ч таатай биш гэдгийг эдийн засагчид хэлж байна.

ӨМӨЗО-ны Хөгжил шинэт­гэлийн хорооноос гаргасан мэдэгдэл нь 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гарсан бөгөөд ӨМӨЗО-ны бүхий л боомтод хамааралтай шийдвэр аж.

Ганцмодны боомтоор Монголоос Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсийг гаргадаг. Боомтын төлбөр хураамж нэмэгдсэнээр Монголын экспортлогч компаниудад тодорхой хэмжээнд ачаалал үүснэ. Оюутолгой зэсийн баяжмалаа экспортлохгүй гэдэг нь ч бас учиртай. Өөрөөр хэлбэл, тус компаниас Хятадын хилээр өдөрт долоон цуваа зэсийн баяжмал тээвэрлэдэг аж. Нэг цуваанд дунджаар 16 машин байдаг бөгөөд нэг нь 38 тонн зэсийн баяжмал тээвэрлэдэг юм байна. Тэгэхээр өдөрт ойролцоогоор 112 машин урд хилээр гарна гэсэн үг. Тодруулбал 4256 тонн зэсийн баяжмал өдөр бүр гарч байгааг Хятадын гаалийн мэдээнээс харж болно. Тэгвэл нэг жилд 1553440 тонн зэсийн баяжмал хилээр гардаг байх нь. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар урд хөрш нэг тонн зэсийн баяжмалыг 36660 юаниар худалдан авдаг байж. Тэгэхээр ойролцоогоор 56 тэрбум 949 сая юань болж буй. Үүнээс нэг тэрбум 138 сая 982 мянга 208 юанийг хилийн хураамжид төлнө. Тий­мээс л Оюутолгой компанийн 66 хувийг эзэмш­дэг Канадын уул уурхайн “Туркойз Хилл Ресурс” компани зэсийн баяжмалын экспортоо зогсоож буйгаа мэдэгдсэн хэрэг. Тэдний мэдэгдэлд дурдсанаар “Шинэ журам нь аюулгүй байдалд сөр­гөөр нөлөөлөхөөс гадна хил дээр олон цагаар хүлээлт үүсгэж байгаа” гэсэн байна. Харин “Reuters” мэдээллийн агентлаг Канадын RCB банкны аналист Фрэзир Филипп “Зэсийн баяжмалын экспортыг зогсоох нь сөрөг нөлөөтэй” гэжээ. Түүнчлэн уг шийдвэрийг Далай ламын айлчлалын улмаас бий болсон хэрэг хэмээн үзэж буйгаа ч хэлсэн байлаа.

Манай улсын эдийн засгийн дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн нуруундаа үүрдэг. Тиймээс дэлхийн зах зээл дээр өсч буй түүхий эдийн үнэ эдийн засагт эерэгээр нөлөө­лнө гэх хүлээлт бий. Харамсалтай нь урд хөршийн хатуурхал үүнийг үргээчих вий гэх болгоомжлол бас байна. Яагаад гэвэл “Туркойз Хилл Ресурс” компаниас гарч байгаа мэдээлэл хөрөнгө оруулагчдад “брометр” болдог гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байсан юм.

Уг нь манай улс хөгжих бүрэн боломжтой хэдий ч боломжийг ашигладаггүй гэдгийг гадны экспертүүд он­цол­дог. Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Такэнори Шимизүгийн дипломат ажил үүргийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж нутагтаа буцах болсонтой нь холбогдуулан  Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж. Эрдэнэбат хүлээн авч уулзах үеэр “Монголын шинэ Засгийн газар бодлогоо зөв тодор­хойлж, зөв ажиллаж чадвал Монголын  эдийн засаг гурван жилийн дараа эргэн сэргэх байх” гэсэн байдаг.

Ер нь бид хийдэг биш ярьдаг гэдгээ алхам бүртээ нотолсоор байгаа. Олон жилийн туршид “Ганцмод” боомтыг олон улсын статустай болгох талаар ярьсаар ирсэн. Гэвч орон нутгийн харьяатай хэвээр. Иймэрхүү түүх 2012 онд тохиож байсан бөгөөд Өвөрмонголын Баяннуур аймгийн захиргаа Монголын нүүр­сэнд, тэр дундаа угаасан нүүрсэнд өндөр хураамж ногдуулж байсан билээ. Боомтыг олон улсын статустай болговол ийм асуу­дал гарах нөхцөл хязгаар­лагдана гэдгийг эх сурвалж хэлж байлаа. Ярьдаггүй хийдэгсэн бол Монголын нүүрс Хятадын эргийн буюу коксжих нүүрс өндөр үнэтэй байдаг бүс рүү нэвтрэх бололцоо бүрдэх юм.

 

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АН-ЫГ ШИНЭЧЛЭХ ДАРГЫГ НЭРЛЭНЭ ҮҮ?