ИПОТЕКИЙН ГАЦАА САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЮУ?

2016-12-09  

Ипотекийн зээлийн буянаар барилгын салбарын үнэ хөөсөртлөө өсч байсан түүх саяхных. Гэхдээ саалиа бэлдэлгүй саваа бэлдсэнийхээ горыг өдгөө амсч суугаа барилгачин компаниуд зов­лонгоо тоочиж сууна. Найман хувийн зээлээр борлуулна гэдэг ит­гэлээр өндөр, өндөр орон сууц сүндэрлэсэн. Гэвч хэсэгхэн хугацаанд үргэлжлээд элдэв аян шалтаг тоочсоноор таг гацсан шалтгааныг олон нийт болоод мэргэжлийн хү­мүүс янз бүрээр тайл­бар­лаж байгаа юм. Монголын барилгын үндэсний ассоциацийн мэ­дээлж байснаар одоо­гоор 8000 барилга бү­рэн ашиглалтад орсон байгаа бол 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 25 мянган орон сууц хүлээгдэж буй аж. Тиймээс ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх хэрэгтэйг сануулж байна.

ХҮЛЭЭЛТ

Төвбанк ипотекийн зээлдээ өнгөрсөн арав­дугаар сарын 25-нд өөрч­лөлт оруулсан билээ. Тус журамд зааснаар ир­гэдийн зээлийн эргэн тө­лөл­төөр санхүүжилт нь зохи­цуулагдахаар болов. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар шинээр олгосон зээлийн 69.8 хувь буюу 24.2 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн сан­хүүжилтийн тогт­вортой тогтолцоог бүр­­дүү­­лэх хөтөлбөр”-ийн зээл ажээ. Харин өнгөр­сөн сард 24 тэрбум төг­рөгийн санхүүжилтийг бан­куу­дад хуваарилсан байна. Харамсалтай нь энэ мөнгө хүлээлтийг саа­руулж чадахгүй байгаа юм. Арилжааны банкуу­д­ад  ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн, шийдвэр нь гарсан ч сан­хүүжилтээ хүлээж буй хүмүүсийн зээлийг эх үүсвэртээ тохи­руул­ан гаргаж байгаа хэмээн албаны эх сурвалж хэлсэн юм. Ер нь энэ ипотекийн сан­хүүжилтийг нэмэх зайлшгүй шаардлага байгааг эрэлтийн хууль батлаж байна.

“ДАШИЙ ШОГ”

Эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг зах зээлийн зарчмыг “жинлэвэл” эн зэрэгцэх биз. Харамсалтай нь хүлээлтээр үүсгэгдэн гацаанд буй ипотекийн хувь тавилан хаашаа эргэхийг таашгүй нь. Эрэлтийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ. Энэ нь тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэнэ гэсэн үг. Энэ нь хоёр салаа замтай. Төвбанк тус зээлийн эргэн төлөлтөөс төв­лөр­сөн хөрөнгийг арил­жааны банкуудад хуваарилан дахин шинээр зээл­дэгчид боломж ол­доно. Харин МИК нь зээлүүдийг нэгтгэн баг­цалж “Бонд” бол­гон Хө­рөнгийн бир­жээр дам­­жуулан арилжаалах маягаар мөнгө босгох бо­­ломжтой. Гэвч энэ бо­­ломжийг ашиглаж чадахгүй нэлээд хугацаа өнгөрч байгааг учир мэдэх нэгэн хэлсэн. Тодруулбал, бонд арилжаалахын тулд Санхүүгийн зохицуулах хо­рооноос зөвшөөрөл авах учиртай. Гэвч “МИК актив 10”, “МИК актив 11” гэх бондын зөвшөөрөл одоог хүртэл гаралгүй гацсаар байгаа гэнэ. Үүнийг тодруулбал, “МИК актив 10” багц нь 100 тэрбум, “МИК актив 11” нь 70 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн багцыг бүртгүүлэн үнэт цаасжуулах хүсэлт Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлжээ. Энэ та­лаар тус хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Цэрэнбадрал “МИК-ийн хүсэлтийг судалж байна. Учир нь энэ хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл эдийн засагт томоохон өөрчлөлт гарсан. Төвбанк мөнгөний бодлогоо нэмж 15 хувьд хүргэсэн. Мөн санхүүжилтийн эх үүсвэр хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байсан зэргээс үүдэн хугацааны хувьд удаж байгаа нь үнэн. Манай байгууллагын хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангах учиртай. Ипотекийн зээл манайхаас шалтгаалан зогссон гэдэг нь ташаа ойлголт” гэлээ.

Ипотекийн санхүү­жилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлсээр бүтдэгийн даваан дээр “Даший шог” болсныг албан бус эх сурвалж хэлсэн юм. Магадгүй урд хөршөөс царай алдаж авахыг шахсан дөр­вөн тэрбум ам.долларыг үргээс­нээс болсон гэх бор шувуу цахим ертөнцөөр нисч байгаа нь түүнийг нотолж байх шиг.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?