Хоёрдахь жилдээ зохион байгуулсан Авьяаслаг Монголчууд шоу нь Монголын шоуны ертөнцийн оргилд гарчээ. Оролцогчид, хөгжим, найруулга, шүүгчид, хөтлөгчид, зохион байгуулалт, санал авах систем, тайз засал энэ бүхэн нь шоуны шинэ эринийг Монголд авчирсныг тунхаглалаа. Нэг ансамбль болж чадсан нь гайхамшиг. Гайхалтай авьяастай хүмүүс ч илэрлээ.
Авьяастай хүмүүс олон байна. Хамгийн гол нь өөрсдөө зориглох, эмээж буйг нь зоригжуулах, тэдэнд чадна гэсэн итгэлийг нь төрүүлэх нь чухал юм байна гэдгийг энэ хоёр жилийн хугацаанд анзаарлаа гэж Монгол НД телевизийн захирал Бат-Эрдэнэ онцоллоо. Гацуурт компани амласан мөнгө болох 100 сая төгрөгийг тус компанийн ерөнхийлөгч Л.Чинбат энэ жилийн ялагчид уламжлал ёсоор гарлуулав. Өнгөрсөн жил хөгжмийн хамт олонд гардуулж байсан бол энэ жил байгалиас заяасан, төрөлхийн хоолойтой Энх-Эрдэнэ ялагч болж 100 сая төгрөгийн эзэн болов. Мөн удаагийн шоуны бас нэгэн нээлт болсон гайхалтай үзүүлбэр үзүүлсэн Хишигбатыг ч Чинбат хувиасаа шагнаж урамшуулсан байна. Тэрбээр Хишигбатыг АНУ-д болох Технологийн дэвшлийн үзэсгэлэнг үзэх урилгаар шагнаж, уран бүтээлийг нь дэмжихээ илэрхийлжээ. Дараа жилийн наадам гэдэг шиг, дараа жилийн Авьяаслаг Монголчууд шоуг хүлээдэг болжээ.
Ц.ХИШГЭЭ