ГОЁ ТӨСӨВ

2016-12-19  

Нийслэлийн ирэх 2017 оны төсвийг НИТХ хэлэлцэн баталжээ. Хотын төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Хэрэв дүүргүүд сайн ажиллавал нийслэлийн орлого өсөх урьдчилсан зураг ийнхүү гарчээ. Өөрөөр хэлбэл, дүүрэг тус бүр төсөвт төвлөрүүлэх орлогоо зохих дүнгээр баталснаар хотын төсвийн орлого 656.2 тэрбум төгрөг болох гэнэ. Энэ үүднээс төсвийн нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталжээ. Эндээс харвал нийслэл ирэх онд алдагдалгүй бүр 54.7 тэрбумын ашигтай ажиллах нь. Гинжин урвалын дүр зургийг томсгож харвал нийслэлд хамаатай дүүрэг орлого бүрдүүлэлтээ зохих дүнгээр хийвэл алдагдалгүй байх боломж байна хэмээн тайлбарласан байдаг.

Тэгвэл Монгол Улсын 2017 оны төсвийн орлого зургаан их наяд 160.2 тэрбум, зарлагыг найман их наяд 568.2 тэрбум байхаар баталж хоёр их наяд 408.7 тэрбум төгрөгийн алдагдалтай болж байгаагаа зарласан. Ингэхдээ бүсээ чангалж, хасч, танаж болох бүхий л зүйлийг хийсэн шүү гэдгээ тодотгож байгаа юм.

Хоёр төсвийг харьцуулвал, нийслэлийн удирдлагууд аргачлалыг сайн боловсруулж Засгийн газрынхан арай л дутуудуулсан мэт. Тодруулбал, нийслэл дүүргүүдээ сайтар базаж, шүүсийг нь сайн шавхахыг үүрэгдсэн байж таарах нь. Харин Засгийн газар бүхий л зүйлээ өөрөө хийх гэж улайрсан мэт. Нийслэл есөн дүүрэгтэй, Монгол Улс 21 аймаг бас нийслэлтэй шүү дээ. Тэгэхээр аймаг, нийслэлийн орлого бүрдүүлэлтийг зохих дүнгээр баталчихвал алдагдалгүй, ашигтай төсөв батлах тийм ч хэцүү зүйл биш ч юм шиг. Зүй нь харъяа газруудынхаа орлого төвлөрүүлэлтийг “тасалдуулахгүй” гэдэг хатуу үүргийг өгчихвөл “Гоё” төсөв батлах амархан бололтой.

Эдийн засагчдын хэлж буйгаар “Төсвийн орлого, зарлагыг хэн нэгэн үүрэг өгснөөр биелэгдэхгүй. Харин төсвийн сахилга батыг сайтар сахих нь илүү үр дүнтэй” ажээ. Тиймээс орлогоо зөв тодорхойлж зарлагаа хумих тухай олон жилийн турш ярьж, цаасан дээр буулгасан бичгийг ажил хэрэг болгохыг шинжээчид сануулж байна. “Гоё” төсвийн цаана ямар бодит тоо буухыг ирэх оны эхний хагас жил ч таниулаад өгөх байлгүй дээ.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?