ЗЭЭЛИЙН ХҮҮНД ДАРЛУУЛСАН МОНГОЛ

2016-12-20  

Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өмнөх сард 890.1 тэрбум төгрөг байжээ. Энэ дүн нэг сарын дотор 73.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 963.3 тэрбум төгрөгт хүрснийг статистикчид хэллээ. Банкны чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа нь эдийн засагт халтай болохыг эдийн засагч, судлаач шинжээчид сануулдаг. Хэдийгээр зээлийн эргэн төлөлт буурч байна гэх ч энгийн иргэд халаасаа тэмтрэн байж  төлсөөр л байна.

Эдийн засгийн хямралын шуурганд навс цохиулсан монголчууд өндийж чадахгүй л байна. Гэтэл туйлдсан иргэд нь аалзны тор шиг сүлжилдэх өрнөөс өрний хооронд гол зогоох. Энэ нь ч бас учиртай. Банк лангуун дээрх бүтээгдэхүүнээ нэмснээр зээл гэх зүйл манай улсын өрх гэр, хүн бүрт хамааралтай болсон нь гашуун үнэн. Ялангуяа моргейжийн зээлээр орон сууц өгөх болсон нь олон хүнийг баярлуулсан нь дамжиггүй. Гэвч зээл авах үедээ сайхан ч эргэн төлөлт хийх нь асуудал дагуулсаар ирсэн гэдгийг банкны зээлтэй хүн бүр хэлж байна. Тухайлбал, зургаан хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай 50 сая төгрөгийн орон сууцны зээлийг Монгол Улсын иргэн “Б” 2012 онд зээлээ авсан байдаг. Тэрээр сар бүр 421 мянга 951 төгрөг долоон мөнгө төлдөг аж. Ингээд дөрвөн жилийн хугацаанд 40 сая 34 мянга 500 төгрөг 74 мөнгө төлжээ. Өдгөө түүнд дахиад 11 жилийн хугацаа үлдэж буй. Зээлийн гэрээнээс харахад эхний 55 сард зээлийн хүү нь үндсэн төлбөрөөс илүү бодогдсон байна. Зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлсөөр 15 жилийн дараа үндсэн зээлийн 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хүүнд төлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд нийт 25 сая 951 мянга 192 төгрөг 82 мөнгийг төлөх учиртай гэсэн үг. Мэдээж үүнийг хууль, дүрэм журамтай холбон тайлбарлах нь дамжиггүй. Гэхдээ энэ нь төрөөс баримтласан бодлогын хүрээнд бага хүүгээр олгож буй зээлийн график.

Харин энгийн зээл авч буй иргэдийн тухайд арай өөр дүр зураг харагдана. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн иргэн “С” 10 жилийн хугацаатай 19 хувийн хүүтэй 27 сая 407 мянга 817 төгрөг таван мөнгөний зээл авсан байна. Зээлдэгч “С” нь сард дунджаар 533 мянга 431 төгрөг 94 мөнгө төлдөг ажээ. Эхний 77 сарын хугацаанд үндсэн зээл хүүгээс бага төлөгдөх юм. Зээлийг төлж дуусах үед нийт 33 сая 666 мянга 705 төгрөг 95 мөнгөний хүү төлж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн төлбөрөөс дариу зургаан сая 258 мянга 888 төгрөг есөн мөнгөөр илүү байна гэсэн үг. Тиймээс л бизнес эрхлэгч болон жирийн иргэд арилжааны банк ломбард шиг хүүлж байгаа тухай гомдоллож буй хэрэг.

Тэгвэл бидний даган дууриах дуртай улс орнуудын моргейжийн зээлийн хүү ямар байдгийг сонирхлоо. Тухайлбал, Герман улсын моргейжийн зээлийн хүү жилдээ 0.89 хувь, Япон 2.475 хувьтай байдаг ажээ. Хэрэв Герман улсаас моргейжийн зээлээр байр худалдаж авахдаа 50 сая төгрөг авлаа гэж бодъё. Зээлийн эргэн төлөлтийг монголын арилжааны банкны тооцооллоор бодвол зээлийн хүүд 15 жилийн хугацаанд гурван сая 430 мянга 249 төгрөг төлөх бөгөөд сар бүр 296 мянга 834 төгрөг 72 мөнгө тушаах нь.

Ийм л хол зөрүүтэй тоонууд хөврөх нь нэлээдгүй хардлагыг төрүүлж буй юм. Үүний зэрэгцээ банкны систем ганхах нь эдийн засгийг эрсдэл оруулж буйг салбарын мэргэжилтнүүд дуулгасаар байгаа. Мэдээж манай нөхцөл байдал гадныхнаас өөр байх нь дамжиггүй. Гэсэн хэдий ч хүүлэх маягаар хөлждөг банкуудад зарим талаар даруулга хэрэгтэйсэн. Үнэн хэрэгтээ энэ нь Монголын эмгэнэл гэлтэй.

Улс орнуудын моргейжийн зээлийн хүү инфляцийн төвшинтэйгөө ойролцоо байдаг ажээ.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛД ТА ИТГЭЖ БАЙНА УУ ?