Монгол Улсын гадаад эрэлт 2016 оны III улиралд төсөөлж байснаас бага зэрэг өндөр гарлаа. Манай улсын худалдааны гол түнш орнуудын эдийн засаг 2016 онд өмнө хүлээж байснаас бага зэрэг өсөхөөр байгаа бол 2017 онд Хятадын өсөлт хэвээр хадгалагдаж Евро бүс, Оросын эдийн засгийн өсөлт бага зэрэг нэмэгдлээ. Хятадын Засгийн газраас төсвийн зөөлөн бодлого хэрэгжүүлснээр хэрэглээг урамшуулж эдийн засгаа тэтгэж байгаа боловч хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн идэвхжилт тооцоолсноос доогуур байгаа нь эдийн засгийн өсөлт саарна гэсэн хүлээлтэд нөлөөлж байна. Харин Евро бүс болон ОХУ-ын эдийн засаг төсөөлж байснаас илүү сэргэхээр байгаа нь манай улсын гадаад эрэлтийн төсөөллийг нэмэгдүүлэх хүчин зүйл болов. Евро бүсийн эдийн засаг тэр дундаа Нидерланд, Австри, Испани, Герман зэрэг улс орнуудын аж үйлдвэрийн салбар илүү идэвхжиж, үйлдвэрлэл, ажлын байр илүү нэмэгдэн бүсийн эдийн засаг 2016, 2017 онд өмнөх төсөөллөөс сайжирлаа. Оросын эдийн засгийн хувьд гадаад эдийн засгийн орчин сайнгүй байгаа ч Засгийн газраас төсвийн алдагдлаа бууруулах арга хэмжээнүүд авч байгаа нь 2017 онд Оросын эдийн засаг хямралаас гарч, 1.3 хувиар өснө гэсэн хүлээлтийг батжуулж байна. Манай улсын худалдааны нөхцөл тайлант улиралд хүлээж байснаас бага зэрэг сайжирлаа. Үүнд экспортын үнэ ялангуяа нүүрсний үнэ илүү өссөн нь нөлөөлөв. Цаашид экспортын үнийн нөлөөгөөр худалдааны нөхцөл 2016 он, 2017 оны эхний хагаст сайжрах боловч 2017 оны сүүлийн хагаст экспортын үнийн өсөлт саарч, импортын үнийн өсөлт хадгалагдахаар байгаагаас худалдааны нөхцөл эргэн муудаж болзошгүй байна.
Хятад улсын дотоод олборлолт буурсантай холбоотойгоор нүүрсний үнэ 2016 оныг дуустал өсөх төлөвтэй ч ирэх таван жилд нүүрсийг байгалийн хийгээр орлуулах нар, салхины эрчим хүчийг түлхүү ашиглах бодлогын нөлөөгөөр 2017 онд эргээд буурч болзошгүй гэж шинжээчид үзжээ. Хятадын барилгын салбар эрчимжиж, Саудын Араб болон ОХУ газрын тосны зах зээлийг тогтворжуулахаар хамтарч ажиллахаар мэдэгдэл хийсэн нь металлын үнэ тэр дундаа зэсийн үнэ өсөxөд нөлөөлж байна. Гэсэн хэдий ч ирэх жилүүдэд зэсийн үнэ сүүлийн 10 жилийн дунджаасаа бага төвшинд хадгалагдахаар төсөөлөлд авч үзлээ. Харин алтны үнэ аравдугаар сараас дэлхийн үнэт цаасны зах зээл сэргэж, Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд нэмэх хүлээлттэй холбоотойгоор буурч эхэлсэн. OПEК, ОХУ болон бусад газрын тос үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ багасгана гэдгээ мэдэгдсэнээс шалтгаалж газрын тосны үнэ 2017 онд ялимгүй өсөх хандлагатай байна. Тайлант улиралд төлбөрийн тэнцлийн алдагдал хөрөнгө санхүүгийн тэнцлийн алдагдлаас үүдэн өсөв. 2016 оны эцэст Оюутолгойн ил уурхайн баяжмал дахь металлын агууламж муудаж экспортыг бууруулах ч далд уурхайн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эхэлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн өсөлт тайлант улиралд хүлээлтээс муудаж, өмнөх улирлуудаас огцом хурдацтай буурлаа. Үүнд нэгдүгээрт, эрэлт хумигдаж байгаагаас уул уурхайн бус салбаруудын өсөлт саарсан, хоёрдугаарт, Оюутолгойн ил уурхайн олборлосон баяжмал дахь агууламжийн бууралт уул уурхайн салбарын өсөлтийг хүлээж байснаас илүү хэмжээгээр бууруулсан нь тус тус нөлөөллөө. Уул уурхайн бус салбарууд нийлбэрээрээ сүүлийн зургаан улирал дараалан багасаад байна. Ингэснээр сүүлийн хоёр жилийн туршид нийт үйлдвэрлэл буурч потенциал төвшнөөсөө доогуур төвшинд байлаа. Өсөлтийг эрлийн талаас харвал 2016 оны III улиралд Засгийн газрын зардал төлөвлөснөөс өссөн, нүүрс, алт, зэсийн үнэд гарсан эерэг өөрчлөлтөөс үүдэн экспортлох хэмжээ нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн боловч хувийн хөрөнгө оруулалт, хэрэглээ багасч, импорт өссөн нь сөрөг нөлөө үзүүлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй, эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн орчин муудсан нь хувийн хөрөнгө оруулалт хумигдах нөхцөл болж байна. Хөдөлмөрийн захын байдал тайлант улиралд үргэлжлэн муудлаа. Ажил эрхлэлт буурч, ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, нэрлэсэн болон бодит цалингийн өсөлт саарсаар байна. Хөрөнгө оруулалт сайжрахгүй байгаа нь хөдөлмөрийн эрэлт болон хөдөлмөрийн захын төлвийг муутгаж байна. Жилийн инфляци 2016 оны III улиралд хүлээлтээс бага гарсан бөгөөд дефляци ажиглагдлаа. Нийт эрэлт хумигдсанаас хүнсний болон хүнсний бус инфляцийн аль аль нь буурч байна. Эрэлт бага үед зах зээл дээр махны нийлүүлэлт өндөр байгаа нь сүүлийн жилд махны үнэ тэр дундаа хүнсний барааны үнэ буурахад голлох нөлөөг үзүүллээ. Хүнснээс бусад бүтээгдэхүүний инфляци 2014 оны сүүлийн хагасаас эрчтэй буурч 2016 оны III улиралд 1.2 хувьд хүрэв. Мөнгө, зээлийн үзүүлэлтүүдийн өсөлт 2014 оны эхнээс саарч байсан бол сүүлийн гурван улирал дараалан тогтвортой төвшинд хадгалагдлаа. Үүнд актив талаас төсөв болон түүнтэй адилтгах зардал өссөнөөс дотоод цэвэр актив нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн. Эх үүсвэр талаас авч үзвэл гадаад валютын харилцах, хадгаламж тайлант улиралд хурдтай өссөн нь мөнгөний нийлүүлэлт эрчимжихэд илүүтэй нөлөөлөв. Тайлант улиралд Монголбанк, Хөгжлийн банкнаас 2016 оны эхний хагаст олгосон төсөвтэй адилтгах санхүүжилтүүд санхүүгийн байгууллагуудын зээлийн өсөлтөд үзүүлэх нөлөө буурч харин банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн нөлөө нэмэгдсэн байна. Шинээр нэмэгдсэн зээлийн ихэнх хувийг цалин, тэтгэврийн зээл бүрдүүлж байна. 2014 оны есдүгээр сараас эхлэн тасралтгүй буурч байсан хөрөнгийн захын үзүүлэлтүүд сүүлийн III улиралд хэлбэлзэл өндөртэй байв. ТОП-20 индексийн дундаж үзүүлэлт 2016 оны долдугаар сарыг эс тооцвол буурсаар байна. Мөн орон сууцны ерөнхий үнэ 2015 оны эхнээс буурсаар байна. Эдийн засгийн ойрын ирээдүйн төлвийг авч үзвэл эдийн засгийн өсөлт уул уурхайн үйлдвэрлэл буурахтай холбогдон 2016 оны сүүлийн хагас жилд сөрөг болж, 2017 оны сүүлийн хагаст эерэг төлөвт шилжих хандлагатай байна. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаас хамааран 2017 онд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхээр төсөөлж байна. Хэдийгээр эдийн засгийн идэвхжил 2017 онд сэргэх боловч үйлдвэрлэлийн төвшин урт хугацааны трендээс доогуур төвшинд хадгалагдахаар байна. Энэ нь эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхыг илтгэж байна. Дефляци жилийн дүнгээр 2017 оны III улирал хүртэл үргэлжлэх бөгөөд үүнээс цааш үнийн ерөнхий төвшин өсөх боловч инфляци бага төвшинд байх хандлагатай байна. Хүнсний инфляци нь махны үнэ хямдарснаас голчлон шалтгаалж 2017 оны III улирал хүртэл буурах бол хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний үнэ валютын ханшийн нөлөөгөөр 2017 оны III улирлаас эхлэн өсөхөөр байгаа юм. Эдийн засаг дахь гадаад, дотоод орчны тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас төсөөллийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Өрийн хэмжээ өндөр байгаа нь Хятадын банк, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөлж, барилгын салбарын уналт эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор манай экспортын голлох бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл үүсч болзошгүй. Эдийн засгийн дотоод орчинд томоохон эрсдэлүүд хуримтлагдсаар байна. Тавантолгой болон бусад томоохон төслүүд хэзээ эхлэх, хэрхэн санхүүжигдэх нь тодорхой бус хэвээр байгаа нь эдийн засгийн өсөлт, инфляцийн төсөөлөл өөрчлөгдөж болзошгүй голлох эрсдэл болж байна. Үүн дээр нэмэгдэн өрийн эргэн төлөлт, төсвийн санхүүжилтийн эх үүсвэр, банкны чанаргүй зээлийн өсөлт эдгээрийн нийлбэр нөлөөгөөр тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Эх сурвалж : Зууны мэдээ