Л.Гантөмөр 12.6%, Ж.Батзандан 14.5%, Д.Эрдэнбат 14.9%, Н.Алтанхуяг 22.3%, С.Эрдэнэ 35.8%. АН-ын даргын сунгаанд хэн ялах вэ? санал асуулгын дүнд ийм өөрчлөлт оржээ.
Хамгийн бага саналыг Лу.Гантөмөрт өгсөн байна. Түүнийг боловсрол сайтай ч, дэндүү зөөлөн, хүний аясаар зан нь намдаа өөрчлөлт, шинэчлэлтийг зоригтой хийж чадахгүй, намын гишүүдээ удирдаж чадахгүй гэж дүгнэжээ.
Ж.Батзандангийн хувьд Гантөмөрөөс ялгарах зүйл нь зоригтой ч, дэндүү хувийн тоглолттой, амаа мэдэхгүй давхих агсам морь шиг гэж үнэлжээ. Тэр амаа мэдэхгүй учир, өндөр эргээс гол руу унах осолтой гэж түүнээс гишүүд нь болгоомжлох хандлага гаргаж эхэлснээ нуухгүй байна. Ялангуяа намаа сэргээх гэж байж, намын гишүүдээ хөгшин залуугаар нь ялгаж, нам руугаа, намын гишүүд рүүгээ давшилсанд гишүүд, дэмжигчдийн дунд түүнийг дургүйцэх, эсэргүүцэх хүний тоо эрс нэмэгджээ.
Рэйтинг нь өсвөл өсөх хүний тоонд Д.Эрдэнэбатыг эхнээс нь нэрлэсэн. Гэвч тэр намаа шинэчлэх ёстой гэдгээс илүү зүйлийг энэ хугацаанд хэлсэнгүй. Нэг л зориггүй, зүрхгүй, дээр нь хүчлэхгүй байна гэж түүний үйлдлийг дүгнэжээ.
Харин сунгааг эхлэхэд, саналын 50% -д хүрч байсан Н.Алтанхуягийн санал 2 дахин буурч 22%-тай болсон. Түүнийг өрөвдөх хүний тоо их байгаа. Харин даргын хувьд, өөрөө дүрмээ барьдаггүй, 6 жил дарга хийхдээ нэг ч удаа ҮЗ -гээ хуралдуулж байгаагүй гэсэн шүүмжлэл дагадаг. Намын дүрэм, намын гишүүдийн тэгш эрх, ардчилалыг уландаа гишгэсэн гэдэг дүгнэлтийг улс төр судлаачид түүнд хаягладаг. Тиймээс түүний рэйтинг унаж доошилжээ.
Сунгааг С.Эрдэнэ 35%-иар өнгөлөх болсон. Түүний хувьд Багануурын намын даргаас улс төрийн карьераа эхэлж, Баянгол дүүргээр үргэлжлэн, нийслэлийн намын дарга хийж байсан арвин туршлагатай. Удирдсан талбартаа байнга ялалт байгуулж, тэр ялалт нь намын нийт ялалтад нөлөөлж байсан гэдгийг журмын нөхөд нь үнэлдэг. Намдаа үнэнч, гишүүддээ түшигтэй. Тиймээс ч , Батзандан болон Алтанхуягийн үйлдлийг тэвчилгүй, намаа хамгаалан тэднийг шүүмжилсэн. Дутагдлыг хаацайлалгүй, өөдөөс нь, нүүр лүү нь харж байгаад хэлж чаддаг эр зоригтой. Сунгаа эхэлсний маргаашнаас нь л , С.Эрдэнэ ба бусад нь гэж улс төр судлаачид бичиж, дүгнэж хэлсэн нь оргүй зүйл биш юм. Намаа шинэчлэх, 2020 онд намаа ялалтанд хүргэж чадах хүн бол С.Эрдэнэ гэж үзэх гишүүдийн тоо нэмэгдсээр буй ажээ.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ