АН-ын даргын сунгаанд тодорхой таван улс төрч өрсөлдөж, ид дундаа явна. Тавуулангийнх нь улс төрийн намтар, үзэл бодлын өрсөлдөөн, өөр өөрийн гэсэн өнгө төрхийг намынх нь гишүүд бүгдээрээ хүндэтгэн үзэж байна. Жишээ нь : Д.Эрдэнэбат бол Монголын улс төрд гарцаа байхгүй балансыг барьдаг, төв цэг дээр зогсож чаддаг ноён нуруутай нэгэн. Ж.Батзандан, Л.Гантөмөр нараас арга байхгүй залуу хүмүүсийн эрч хүч ханхалж байгаа. Л.Гантөмөр магадгүй зөөлөн аядуу үзэлтэй байх. Ж.Батзандангийн хувьд шийдэмгий, орчноо мэдэрдэг. Гол нь хурц, характерны болохоор зарим хүнд таалагддаггүй байж магадгүй. С.Эрдэнэ бол баавгай. Монголын ардчилал дахь маш том баавгай. Аль эрт 1989 оны ардчилсан хөдөлгөөний гишүүн. Баянгол дүүрэг гэсэн өөрийн найдвартай суурийг бий болгож чадсанаар бусад улс төрчдөд загвар бий болгосон. Ухаандаа, мань С.Эрдэнэ шиг улс төрч бүхэн өөр өөрсдийн тойргийг, удирдаж буй намын хороодоо “Баянгол дүүргийн Ардчилсан нам” шиг болгочихмоор байгаа юм. Тэгэх юм бол АН сэргэнэ, монголын ардчилал дархлаа онцгой сайжирна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр АН-ын бүх лидерүүд өөр өөрсдийн тойрогтоо Эрдэнэ вангийн хошуу эхлээд байгуулчих аа, тэгээд дараа дараагийн улс төрөө хий. С.Эрдэнэ ямар улс төрч болохоороо ийм хүчирхэг намын системийг байгуулж чадсан байнав. Түүний улс төрийн энэ технологийг үнэндээ дайснууд нь ч сонирхдог. Нөхөр бол уран цэцэн үгтэй, улс төрчийн зальтай нэгэн биш. Түүнд Монголын ардчиллын төлөө гэсэн гуйвалтгүй сэтгэл л бий. Сэтгэлийнхээ дуудлагаар тэр АН-ын төлөө явдаг, гэхдээ ганцаараа явдаггүй тийм л баавгай. Арваннэгдүгээр хороололд байдаг Ардчилсан холбооны том байрыг хүн бүр мэднэ. Соёлын төв өргөөг холбосон хоолой АН-ын байр болсон гавьяа ч түүнийх. Тэр өнгөрсөн хугацаанд ямагт АН-ыг өөрийн гэсэн гэр оронтой болгож ирсэн ганц хүн. Үүнийг хүмүүс мартсан, зарим нь мэддэггүй байж болох ч харин Монголын ардчиллын түүх мартахгүй байх. Баянгол дүүрэгт түүний барьж босгосон Ардчиллын ордон зэрэг жижиг сажиг зүйлсийг бол алгасаад шүү дээ. Өнөөдөр юу үнэн гэвэл нийслэлийн элит дүүрэг Баянголд ямарч улс төрийн хүчин С.Эрдэнийн бий болгосон ардчиллын дархлааг сулруулахад бэрх. Ойрын үедээ лав боломжгүй гэдгийг сүүлийн сонгуулиуд харууллаа. С.Эрдэнийн бий болгосон ардчиллын энэ л загварыг нийслэлд, улмаар Монгол орон даяар бий болгомоор байна. Зүгээр л С.Эрдэнээс бусад нь хуулчихмаар байгаа юм. АН-ын даргын сунгаанд өрсөлдөгч таван эрхмийн гишүүд, дэмжигчидтэйгээ хийж буй уулзалтыг харахад тус намын 180 мянган гишүүд бүгдээрээ үнэмлэхүй олонх болсон сөрөг хүчний өөдөөс хурц, тод намын даргыг сөргүүлэн тавихыг л хүсч байна. Зоригтой, үзэл бодлоо тодорхой тунгалаг илэрхийлдэг, намынхаа байр сууриа хатуу хамгаалдаг, бардам түрэмгий тийм л лидерийг. Тийм хүн нь энэ тав дотроо хэн байж чадах вэ. Улс төр дэх зуд турхан, зуншлага бүхнийг үзэж, сайн муугаараа тултал хэлүүлж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн, өөрийгөө өнгөрсөн сонгууль бүрээр харуулж чадсан тийм л улс төрч АН-ын дарга болж гэмээнэ мянга мянган гишүүдийнх нь сэтгэл ханах нь. АН-ын даргын сунгааг харахад яг ингэж л харагдаж байна.
Б.БАТБОЛД |