Монголын хамгийн өндөр албан тушаал хашсан хоёр хүн бол Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, дөрөвдөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар юм. Ц.Элбэгдорж АН-ын даргаар хоёр ч удаа сонгогдож, намаа эрх баригч болох үед нь мөн хоёр удаа ерөнхий сайдаар томилогдсон. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдсон. Мөн Монгол улсын ерөнхийлөгчөөр дараалан сонгогдсон ясны улс төрч хүн. Тэгвэл Н.Энхбаяр МАН-ын даргаар 199О оны сүүлчээр сонгогдож, 2005 оныг хүртэл буюу нийт 8 жил намын даргаар тасралтгүй ажилласан. Ц.Элбэгдоржийн адил намын улс төрийн шийдвэрийг гаргаж байсан.
Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол улсын ерөнхийлөгч гэсэн Монголын төр, засгийн гурван өндөр албан тушаалыг дараалан хашсан цорын ганц хүн бол Н.Энхбаяр. Утга зохиолын Дээд сургуулийг орчуулагч, судлаач мэргэжлээр төгссөн Н.Энхбаяр ажлын гараагаа Монголын зохиолчдын Эвлэлээс эхлүүлсэн байдаг. Уран зохиолын номын орчуулга хийх, "Утга зохиол, урлаг" сонинд нийтлэл хэвлүүлэх зэргээр соёлыг түгээх дэлгэрүүлэх ажил хийж байсан нь олон нийтэд хүрсэн тул хожмоо Соёлын Яамны дэд сайд, сайдын албан тушаалд очиход нөлөөлсөн гэдэг. Орост төгссөн, орос хэлийг чадамгай эзэмшсэн цөөн хүний нэг. Элбэгдорж ч гэсэн үзэг цаас нийлүүлдэг байсан. Хуучнаар, Орос улсад Львов хотын Цэргийн сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн түүнийг "Улаан од" сонин сэтгүүлчээр авсан байдаг. Дэслэгч цолтой, мэдээ, сурвалжлага бичихийн хажуугаар шүлэг оролддог нэгэн байсныг хожим олж тогтоосон. Ийнхүү хоёулаа Орост сургууль төгссөн, хоёулаа үзэг цаас нийлүүлэх ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэж үзэж болох. Н.Энхбаяр Английн Лидсийн их сургуульд англи хэлийг сурсан бол, Ц.Элбэгдорж АНУ-д удаан хугацаагаар амьдарч байхдаа Харвардын Их Сургуульд мастер хамгаалсан гэдэг. Мөн л хоёулаа англи хэлийг эзэмшсэн. Аль аль нь хийсэн бүтээсэн зүйлийнхээ мөрийг үлдээсэн. Ц.Элбэгдорж орон сууцыг хувьчилж, малыг малчдад өгүүлсэн гэдэг. Н.Энхбаяр газрыг иргэдэд үнэгүй олгосон гэдэг. Ийм нэг хоёр "Э" Монголын улс төрд 20 орчим жил ээлжлэн ноёрхсон байна. Насны хувьд хол зөрүүгүй ч, бодлын хувьд зөрүү бий гэж хэлэх нэгэн бий. Ийм ижил төстэй зүйл бий ч бас харьцуулж үзэхэд зөрүү ч бас харагдах. Н.Энхбаярын үед эдийн засаг сэргэж, ОХУ-д төлөх өрийг тэглэж, "Орос шиг бай л даа" гэсэн хэллэг ч дэлгэрч байсан. Ц.Элбэгдоржийн ерөнхийлөгчөөр ажиллах 8 жилийн хугацаанд Оюутолгойн гэрээ байгуулагдаж, улс орон хөгжинө гэсэн нь эсрэгээр эргэж, улс орон өрөнд баригдаж, ард иргэд ядуурлаа гэж бичих болов. Н.Энхбаярыг ерөнхий сайд, намыг нь эрх баригч байх үед Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан хэргээр ял сонсохдоо хүрч, УИХ-ын гишүүний тахимаа өгч, УИХ-ыг Хүрэлсүхийн адил орхиж чадаж байсан. Түүнийг эрх баригч нам оролдолгүй орхиж, ял зэм дуулгалгүй орхисон гэж түүхэнд бичдэг. Тэгвэл Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байх үедээ Н.Энхбаярыг улсын өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэг үүсгэж, ял үүсгэж, шоронд хорьсон талтай. Харин одоо гуравхан сарын дараа Ц.Элбэгдорж өндөр сэнтийнээсээ "газардах" болжээ. Тэр өөрийгээ үнэлүүлэх "Ардын үг" аяныг өөрийн мэдлийн хүрээний Eagle телевиз, News.mn сайтынхаа багаар "хийлгэж" байна. Пиард гаршсан учир ийм ажил хийлгэж, өөрийнхээ буух дараагийн буудлаа зөөллөж байна гэж улс төр судлаачид шинжилж байна. Тэгвэл, Н.Энхбаярын ялын хугацаа дуусаж, 3 сарын дараа болох бүрэн магадлал бүхий УИХ-ын дахин сонгуульд оролцох цаг иржээ. Тэр сонгуульд оролцвол ялах магадлал өндөр. Түүний сонгогдох эрхийг 2012, 2016 онд боосон гэж үзэх иргэд бий. Мөн Н.Энхбаяр ч гэсэн Ц.Элбэгдоржийн ижил өөрийн гэсэн телевиз, сонинтой. Түүний мэдэлд Тв9 телевиз, Зууны мэдээ сонин бий.
Ийм нэгэн сонирхолтой харьцуулалтыг хийлээ. Үргэлжлэл бий.
Нийтлэлч Ц.ЭНХБАТ