АН бол улс төрийн маш том хүчин. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Энэ намыг дархлагдсан хууччуул нь ээлжгүй удирдаж ирсэн. Тэд хурлаа ч хийдэггүй, дүрмээ ч мөрддөггүй, гишүүдээ ч сонсдоггүй байсан. Сонгуульд нам ялагдаж, эрх баригчийн өндөр сэнтийнээс унаж, нэгэнт "гудамжинд " гарсан тул эрхгүй Их Хурлаа хийж, дүрмээ шинэчилж даргаа сонгосон. Дархлагдсан хууччуул даргын суудлаас ховхорч, С.Эрдэнэ даргаар сонгогдсоноор энэ нам хөдөлгөөнд орж эхэлснийг судлаачид хэлж байна. Эрдэнэ ба түүний нөхдөд намын төв штабаа алдсан тул Эрдэнийн багийн эзлэн түрэмгийллийг зогсоох шаардлагатай гэж дээгүүрээ үгсэн нэгдсэнийг дуулгаж байна.
Энэ бол хуучнаар МҮДН, Алтангадас, Нэг ардчилал. Түүн дээр Лу.Болд, Г.Батхүү нарын байгуулсан МоАН нэгдсэн байна. Женко ч бас хүч нэмж буй. Чухамхүү төр засгийг олон жил ээлжлэн барьсан, АН-ын хамгийн хөрөнгөжсөн бүлэг С.Эрдэнийн хийж буй алхмыг хүчтэй эсэргүүцэж эхлэв. Дээд шүүх намын даргыг бүртгэчихээд, намын дүрмийг бүртгэхээс татгалзсан. Үүнийг С.Эрдэнэд өгсөн сануулга, сургамжийн "ШАНАА" ч гэж нэрлэж байна.С.Эрдэнэ Баянгол дүүргийг З.Энхболдод, нийслэлийг С.Одонтуяагийн мэдэлд өгөхөөр зэхэж байна ч гэж хууччуул ихээр болгоомжилж эхлэв. Тиймээс намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс Дээд шүүхийг татгалзуулж, болж өгвөл ээлжит бус Их Хурлаа зарлаж дүрэм хэлэлцэх нэрээр С.Эрдэнийг ч зайлуулах холын нүүдлээ хийж эхэлжээ.
Намын удирдах шатны дарга нарыг сонгохдоо дэнчин тавьж ирсэн уламжлалыг С.Эрдэнэ өөрчлөөгүй ч, дэнчингийн үнийг 3 дахин өсгөсөн нь түүнийг олзлох цорын ганц алдаа болсныг үгүйсгэхгүй. Гишүүдийн бухимдал дээр тоглон дархлагдсан хууччуул өөрийн нотоор хөгжмөө эгшиглүүлж эхлэв. АН шат шатны дарга нараа сонгох үйл ажиллагаанаас болж, намын дотоодын хямралд өртлөө гэж ажиглагчид дүгнэх болов. Хэрэв намын дотоод хямрал гүнзгийрвэл, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн тухай санаад ч хэрэггүй болох нь ээ, энэ АРДЧИЛСАН НАМ.
Ц.ЭНХБАТ