УИХ-д суудалтай улс төрийн 3 нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ маргааш тодруулна. МАН-ын бага хурлын 310 гишүүн маргааш хуралдана. Дэвших хүн нь тус намын дарга М.Энхболд гэж тус намын бага хурлын зарим гишүүд үзэж байна. Боловсрол телевиз, Ийгл телевизээр гарсан "Бүрэн зураглал" нэвтрүүлэг ч зорилго чиглэлтэй гарсан.
МАХН-аас дэвших хүн бас тодорхой. Тэр бол тус намын дарга Н.Энхбаяр. Харин нэр дэвших эрхийг нь хуулиар хязгаарласан тухай асуудал өдий хүртэл эргэлзээ дагуулсан хэвээр.
АН-ын хувьд олон нэр дэвшигчтэйг нь бодоход арай эрүүл саруул, ардчилсан гэх нэрэндээ ойртсон нам гэж үнэлэгдэж байна. Харин нэр дэвшигчийн хувьд явуулсан санал асуулгыг Р.Амаржаргал 45%,-иар тэргүүлж, Н.Алтанхуяг 23%-иар удаалж, Д.Дорлигжав 13%-иар эхний гуравт буй санал асуулгын дүн гарсан. Санал асуулгад оролцогчдын дийлэнх нь Амаржаргалыг дэмжиж буй ч, АН-ын удирдлага ямар шийдвэр гаргахыг таашгүй. Мөн УИХ-ын гишүүн Лу.Болд ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сунгаанд хожуу боловч оролцсон. Харж байхад Р.Амаржаргал, Лу.Болд гэдэг боломжийн 2 кандидат АН-д байх шиг санагдлаа.
Энэ хоёр нэр дэвшсэн тохиолдолд М.Энхболдод хүндрэл учруулах магадлалтай. Маргааш АН хэнийг сонгохыг харья. Н.Энхбаяр дэвших юм бол, хуулиар эрхийг хязгаарлахгүй тохиолдолд М.Энхболд бүр хүнд учраатай золгох болно. Гэвч харж байя. Үйл явдал хэрхэн өрнөхийг.
Ц.ЭНХБАТ