АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд дахин унаж хаагдав. ТОП-20 индексийн хувьд -145.10 нэгж буюу -1.13%-иар унаж 12,645.07 нэгжид хүрсэн бөгөөд ингэснээр 6 дахь өдрөө дараалан унаад байна. Тодруулбал, тус индекс өнгөрөгч 4-р сарын 27-ны өдрөөс хойш тасралтгүй буурч, энэ хугацаанд нийт 456.31 нэгжээр унажээ. Өнөөдрийн индексийн уналтад сагсанд нь багтаж буй I ангилалын 4 компани, II ангилалын мөн 4 хувьцааны ханш буурсан нь нөлөөлжээ. Үүнд:
I ангилалын хувьцааны тухайд :
- АПУ /MSE:APU/-ийн ханш -1.47%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.51%-иар
- Дархан нэхий /MSE:NEH/-ийн ханш -0.19%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.76%-иар
II ангилалын хувьцааны тухайд :
- Адуунчулуун /MSE:ADL/-ийн ханш -4.99%-иар
- Гермес центр /MSE:HRM/-ийн ханш -0.67%-иар
- Баянгол зочид буудал /MSE:BNG/-ийн ханш -5.0%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -5.26%-иар
Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индекс өмнөх өдрөөс -5.40 нэгж буюу -0.65%-иар унаж 829.16 нэгжид хүрлээ. www.marketinfo.mn сайтаас тооцдог салбарын индексүүдийн хувьд 8 салбарт өөрчлөлт гарсан ба үүнээс 2 салбарын индекс өсч, 6 салбарын хувьцааны индекс унав. Үйлчилгээний салбарын MSS индекс өмнөх хаалтаас 0.7%-иар өсч 111.18 нэгжид хүрсэн бол Уул уурхайн салбарын MMS индекс -3.79%-иар буурч 105.82 нэгжид хүрч хаагдсан байна. Үнэт цаасны арилжааны хувьд зах зээл дээр 129,925 ширхэг үнэт цаас арилжигдаж, 163.4 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Үнэт цаасны бүтцээр нь харвал Засгийн газрын 1,120 ширхэг бонд 109.9 сая төгрөгөөр, 31 хувьцаат компанийн 128,805 ширхэг хувьцаа 53.49 сая төгрөгөөр арилжигдав. Харин арилжааны үнийн дүнгийн 67.3%-ийг бондын арилжаа бүрдүүлжээ. Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 6 компанийн 74,859 ширхэг хувьцаа 37.20 сая төгрөгөөр, II ангилалд 15 компанийн 50,523 ширхэг хувьцаа 15.51 сая төгрөгөөр, III ангилалд 10 компанийн 3,423 ширхэг хувьцаа 784,378 төгрөгөөр зарагдсан байна. Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 150 удаагийн хэлцэл хийгджээ.
АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Зах зээл дээр АПУ /MSE:APU/ компанийн 73,802 ширхэг хувьцаа 22.13 сая төгрөгөөр арилжигдснаар тоо ширхэг, үнийн дүнгээр тэргүүллээ.
Салбарын идэвхийн хувьд Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 57.69%-ийг, үнийн дүнгийн 50.5%-ийг тус тус эзлэв.
ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 21 хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 6 хувьцааны ханш өсч, 15 хувьцааны ханш буурчээ.
Компанийнхаа хяналтын багцыг худалдахаар зарлаад байгаа Евроазиа капитал холдинг /MSE:SUN/ компанийн хувьцаа 14.98%-иар өссөн бол Хасу мандал /MSE:HSR /-ийн хувьцаа -14.73%-иар буурчээ.
Бэлтгэсэн : WWW.MARKETINFO.MN