Улс орон бүхэлдээ сонгуулиар амьсгалж эхэллээ. Хийж буй бүх алхам, бодож сэтгэж буй бүхэн ирж буй сонгуульд чиглэжээ. Саяхан л намын дарга болоод ялалтын бүрээ үлээгээд байсан Ганбаатар намдаа хаягдав. Оюун намынхаа тамгыг халааслаад ах ламыгаа залахаар мордсон. АН-д хэд хэд хулхидуулсан Энхбаяр жолоогоо огт өөр тийш нь эргүүлж эхэллээ. Эрх баригчдын огт тааж, төсөөлөөгүй улс төрийн шинэ нүүдлийг тэр хийлээ. Шатраар бол бэрсээ шидэхтэй ижил эрсдэл дагуулсан нүүдэл хийлээ гэж шинжээчид үзэж байна. Хурал дээр түүний хэлсэн өгүүлбэр бүрийн дараа нижигнэсэн алга ташилт үргэлжилж байсан нь, Энхболдын сүр сүүдрийг дарж байлаа гэж танхимд суусан хүмүүс харьцуулсан байна. Хоёр тусдаа болсон манай нам нэгдэх нийлэх ёстой гэсэн уур амьсгалд нийтдээ гишүүд нь ч, дарга нар нь ч автжээ гэж хэлж болохоор. Намын дарга нар нь хэлсэн үгэндээ "Манай нам хариуцлагатай, үүргээ биелүүлдэг" гэх үгийг цохон тэмдэглэснийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Энэ бол " Бидэнд итгэ, улс орон, засгийг удирдах эрхийг манай намд шилжүүлчих" гэсэнтэй агаар нэг сонсогдож байлаа. Цаашдаа нэгдэж болох уур амьсгалыг бүрдүүлсэн энэ өдөр тус намын гишүүд, дэмжигчдэд итгэл найдвар төрүүлэх шиг болов. АН-д ард иргэд тааруу дүн тавьж, ИЗНН зэрэг эрүүл маягийн намууд хулжиж одсон, шинээр төрсөн ХҮН нам нялхсын өвчинд автаж буй энэ үед МАН+МАХН-ийн эвслийн чимээ наашилж эхэллээ. Эрх баригч нам, цагдаа, татвар, шүүхийн байгууллагуудаа ч хөдөлгөөд хүчрэхгүй том давалгаатай учирч мэдэх нь.
Ц. ДОРЖГОТОВ