Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны наймдугаар сарын 21-26-ны өдрүүдэд Францын Парис хотод зохиогдоно. Тус тэмцээнд оролцох Монголын багийг сонгон шалгаруулах сорил тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд Азийн аварга, насанд хүрэгчдийн улсын аварга, “MONGOLIA OPEN 2017” зэрэг тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн 96 тамирчин оролцсон юм. Тэмцээний эхний өдөр тойргийн барилдаанууд СТО-нд явагдсан бөгөөд шигшээ барилдаан “АСА” циркийн гадаа талбайд болсон. Та бүхэнд Парисыг зорих эрх авсан тамирчдыг танилцуулья.
• Эрэгтэйчүүдийн 57 кг МУГТ Э.Бэхбаяр
• 61 кг ОУХМ Т.Түвшинтулга
• 65кг ОУХМ Н.Лхамгармаа
• 70кг МУГТ Н.Мандахнаран
• 74кг ОУХМ Д.Гомбодорж
• 86кг ОУХМ О.Үйтүмэн
• 97кг ОУХМ Ө.Батзул
• 125кг ОУХМ Н.Золбоо
• Эмэгтэйчүүдийн 48 кг ОУХМ Э.Нарангэрэл
• 53кг МУГТ Д.Отгонцэцэг
• 55кг ОУХМ Э.Даваачимэг
• 58кг ОУХМ А.Батцэцэг
• 60кг ОУХМ Б.Шоовдор
• 63кг ОУХМ П.Орхон
• 69кг МУГТ О.Насанбурмаа
• 75кг спортын мастер Г.Уртнасан нар жин тус бүртээ тэргүүлсэн байна.
Харин Дэлхийн хошой аварга МУГТ С.Батцэцэг тойргийн барилдаанд бүх өрсөлдөгчдөө хожиж шигшээд гарч ирсэн ч ОУХМ П. Орхонд хожигдож ДАШТ-ний эрхээ авч чадсангүй. Мөн Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумьяа “Алдар” спорт хорооны залуу тамирчин Г.Отгонжаргалд 17:7-гоор хожигдож шигшээ барилдаанд шалгарч чадсангүй.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин ОУХМ Батмагнайд хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн бол 86кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат шигшээ барилдаанд ОУХМ О.Үйтүмэнд ялагдаж ДАШТ-ний эрхээ авч чадсангүй.
О.ДАШНЯМ