Хөлбөмбөгийн 21 хүртэлх Европын аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Польш улсад үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 12 багийн тамирчид гурван хэсэгт хуваагдаж өрсөлдөж байгаа юм. Тэмцээний “А” хэсэгт орсон Англи болон Словакийн багийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа.
Тоглолтын эхний гоолыг Словакийн багийн хагас хамгаалагч Мартин Чрейн оруулж эхний үе өндөрлөсөн байна. Харин хоёрдугаар үед Английн баг удаа дараалласан олон довтолгоо хийж энэ нь 50 дахь минутанд үр дүнгээ өгч Алфи Мэсон гоол оруулсан байна.
Улмаар 61 дэх минутанд Английн баг болон “Саутхэмптон” клубийн хагас хамгааалгч Натан Редмонд гоолдож багтаа хожил авчирсан. Энэ хэсгийн нөгөө тоглолт тэмцээнийг зохион байгуулагч Польш болон Шведын багуудын хооронд явагдаж 2:2-оор тэнцсэн байна. “А” хэсгийг Английн баг 4 оноотой тэргүүлж байгаа бол Словак 3, Швед 2, Польш 1 оноотой удаалж байгаа юм.
О.ДАШНЯМ