2016 оны 3-р сарын 08 буюу, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Оросын газрын теннисчин, таван удаагийн дуулгын аварга, цагтаа НЭГ НОМЕРТ эрэмбэлэглэж байсан алдарт Мариа Шарапова Лос-Анжелес хотод хэвлэлийн хурал хийсэн. Тэр мельдония хэмээх бүтээгдэхүүнийг эмчийн зөвлөгөөний дагуу 2006 оноос хойш хэрэглэж буй гэдгээ нийтэд зарлалаа. Допингийн зориулалтаар бус, бие эрүүл мэндийн шаардлагаар хэрэглэж ирсэн гэдгээ нуусангүй. Харин энэ бүтээгдэхүүн нь 2016 оны нэгдүгээр сараас допингийн төрөлд хамаарагдах болсон тул ганц Мариа Шарапова ч биш, Оросын уран гулгалтын дэлхий, европын аварга хос, дан төрлийн уран гулгуурчин, конькийн гүйлтийн олимпийн аварга зэрэг олон тамирчны спортын карьерийг нураахад хүрээд байгаа билээ.
Мариа Шарапова "Би тамирчны карьераа үргэлжлүүлмээр байна. Орхисон ч ийм байдалтайгаар их спортоос гармааргүй байна" гэж хоолой зангиран өгүүлэхийг сая сая үзэгчид харж, сонссон. Түүнийг допинг хэрэглэсэн гэдгийг эцэслэн тогтоовол, теннис тоглох эрхийг нь 4 жилээр, өөрийн бус эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэсэн бол 2 жилээр хасах журмыг мөрдөнө гэж спортын эрэн сурвалжлагч Нигел Курри тодотгож байна. Энэ бол Мария Шарапова теннисний талбайгаа орхино гэсэнтэй ижил сонсогдож байна.
Допингийн асуудал үүссэнтэй холбогдуулан, түүний ивээн тэтгэгч NIKE, Швейцарийн цагны TAG HEUER, Америкийн спорт хувцасны GIANT, Германы автомашины PORSCHE компаниуд нэгэн дуугаар гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Тодруулахад, NIKE компани Шараповаг 11 настайгаас хойш 17 жилийн турш, PORSCHE 3 жилийн гэрээ байгуулж 2014 оноос хойш Эмэгтэй Элчин сайдаар ажиллуулж байжээ. Түүнээс гадна үнэртэй усны AVON, LUCK бүтээгдэхүүн, цэвэр усны EVIAN -ийн нэрийн хуудас болж байсан. Түүний 2015 оны тэмцээнээс олсон орлого нь 30 сая ам.долларыг хол давж байгааг татварынхан мэдээллээ.
Мельдония бүтээгдэхүүнээс болоод түүний спортын карьер зогсож, бүх орлого нь хаагдахад хүрчээ.
"Тэр Оросын эмэгтэй тамирчин байсан учраас л ийм байдалд хүрлээ" гэж түүний дэмжигчид үзэж байна. Спорт руу, эдийн засаг руу улс төрийн түрэмгийлэл, хавчлага орж ирсний илэрхийлэл ч гэж Оросын хэвлэлд бичиж байна.
Олон улсын допингийн эсрэг тэмцэх байгууллага гаргасан шийдвэртээ хатуу зогсоно гэдгийг ч мэргэжилтнүүд баталж байна.
Э.ЦЭБЭ