ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮ БӨХ ХОЙМОР НУТГААС ТОДОРЛОО

2017-07-14  

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга О.Балжинням, улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нараар манлайлуулсан  512 хүчтэн зодоглолоо.

Бөхийн барилдааны нэгийн даваанд өндөр цолны тааварт яригдаж байсан улсын начин Э.Даш Увс аймгийг залуу бөх Төрмөнхөд өвдөг шороодож улсын наадмын дэвжээ хатуу гэдгийг харуулсан.

ХОЁЫН ДАВААНД УЛСЫН ХАРЦАГА Б.ОДГЭРЭЛ “АЖЛАА” ДУУСГАЛАА

Улсын харцага Б.Одгэрэл аймгийн харцага Т.Дүүрэнсаранд унаж эхний шуугиан тарьсан бол Хөвсгөлийн бяртай начин М.Эрдэнэбат жудогийн Л.Отгонбаатарыг дийлсэнгүй. Завханы найдваруудын нэг Б.Чимэдвандан энэ даваанд Д.Тамир арсланд  өвдөглөсөн бол Говь-Алтайн Ж.Алтаншагай арслан Б.Сугаржаргал начинг барьц сонгож хаяв. Аймгийн цолтнуудын барилдааны 13 удаагийн барилдааны түрүү Ш.Мөнгөнбаатар хурц энэ даваанд хатуу учраа Ц.Цогт-Эрдэнэтэй таарч аргалсан бол Ховдын О.Хангай туршлагатай арслан Намсрайн Ганзоригтой хүнд барилдаан хийж туг тойров. Мөн Ховдын өөр нэг найдвар Балдиржамцын Тайван арслан Завханы Б.Шаравнямбууд тахим буулгав. Начны төлөө зүтгэж буй залуусаас Булганы Ө.Сүхбат , Баянхонгорын Б.Эрдэнэхүү нарын хурцууд дараа жилийн наадмыг хүлээхээр болов.

ГУРВЫН ДАВААНД ЗАЛУУ НАЧИН Ч.ХӨХЧИРЭНГЭР АЙМГИЙН АРСЛАН Ш.ПҮРЭВГАРЬДТАЙ ТУНАЛАА

Гурвын даваанд бөх сонирхогчдын анхаарал татсан амлалтууд олон гарсан. Улсын аварга, ардын багш О.Балжинням өнгөрсөн жилийн залуу начин Л.Шинэбаатарыг амлаад “хэвтүүлсэн” бол Н.Батсуурь  улсын  арслан Д.Мөнх-Эрдэнээр даваа ахиулав. Мөн улсын заан Д.Бумбаяр аймгийн арслан О.Хангайг, улсын заан Ц.Мягмарсүрэн аймгийн арслан Ц.Мөнхбаярыг амлаж тунаанаас гаргаж өгсөн юм. Харин аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын начин Б.Амарзаяаг, аймгийн хурц арслан Б.Хишигбаатар аймгийн арслан Г.Баасандоржийг, аймгийн арслан Б.Серик улсын начин Ш.Шинэбаярыг, аймгийн  арслан М.Эркебулан улсын начин С.Батсууриар давж дөрвийн давааны оноолтод нэрээ бичүүлсэн. Энэ даваанд шинэ начингуудын шилдэг нь байсан Хөвсгөлийн  Б.Ганхуяг онжав начин Ц.Чимэддоржийг амлаж хүч үзээд давхар хамуулж унасан бол хоймор нутгийн өөр нэг начин Ч.Хөхчирэнгэр аймгийн залуу арслан Ш.Пүрэвгарьдтай тунаж барилдаад хялбархан давсан.

Н.БАТСУУРЬ ОНООЛТЫН ДАВААНД ТАХИМ ӨГЛӨӨ

Оноолтын даваанд “өндөр” аварга аймгийн заан Болдбаатартай нугарч даваа авсан. Сонирхолтой нь 2012 оны Сэлэнгийн наадмын долоогийн даваанд энэ хоёр хүчтэн таарч Г.Өсөхбаяр аварга барилдалгүй элэг бүсээ тайлж аймгийн заан цолд хүргэж байсан юм.

 Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн заан Л.Отгонбаатартай барилдаж сугадаж мушгиад давсан бол П.Бүрэнтөгс арслан нутгийн дүү Ц.Мөнхбаяртай нугарч даваа авсан. Увсын нөгөө арслан Н.Батсуурь энэ даваанд Булганы аймгийн арслан Дармаагийн Тамирт хөмрүүлж наадмаа өндөрлүүлсэн бол залуу арслан Э.Оюунболд аймгийн арслан Б.Даваа-Очирыг барьц сонгож даваа ахисан. Улсын наадмын түрүү бөхийн тааварт яригдаж байсан улсын заан Б.Пүрэвсайхан нутгийн дүү аймгийн арслан О.Хангайтай таарч давхар шуудагны барьцнаас мөргүүлээд унасан бол хурц арслан Ш.Мөнгөнбаатар улсын харцага А.Цацабширт өвдөг шороодож дэмжигчдийнхээ урмыг хугалсан.

ГАЛСАН-ОЧИРЫН ГАНЖАД НААДАМЧДЫН ТААВАР БУДИЛУУЛЛАА

Начны даваанд хамгийн түрүүнд улсын гарди Н.Ганбаатар нутгийн дүү хурц арслан Балганы Хишигбаатарыг амлаад цолд хүргэсэн бол Алтай нутгийн өөр нэг гарди Ж.Бат-Эрдэнэ аймгийн М.Бадарчийг улсын цолны босго алхуулсан. Үүний дараа улсын дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн заан Ж.Дагва-Очирт өвдөг шороодсон. Мөн улсын харцага Ө.Даваабаатар аймгийн арслан Б.Бат-Эрдэнэтэй төдийлөн эсэргүүцэл үзүүлэлгүй барилдаж өвдөг шороодсон. Энэ давааны эхний шуугианыг Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Дармаагийн Тамир тарьж улсын арслан П.Бүрэнтөгсийг зүүн хавирч давснаар начин цолд хүрсэн бол улсын харцага Т.Баасанхүү аймгийн арслан Б.Серикийг амлаж барилдаад барьц сонгуулаад унасан.     Энэ зуур Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганжад өнгөрсөн наадмын түрүү бөх улсын аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулж улсын цолны босго алхсан нь наадамчдын “цөсийг хөөргөсөн”. Үүнээс гадна шинэ арслан Р.Пүрэвдагва улсын харцага А.Цацабширт, улсын гарди Б.Гончигдамба улсын начин Ч.Батчулуунд тус бүр тахим буулгасан.

ОРГИХЫН ХАНГАЙ, МЯГМАРЫН БАДАРЧ НАР ХАРЦАГА БОЛЛОО

Зургаагийн давааны салхийг улсын харцага Ө.Бат-Орших хагалж  хурц арслан Б.Хишибаатарыг  шилдэж  дугтраад зааны даваанд болсох эрхтэй болсон. Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн Ж.Дагва-Очирыг давсан бол С.Мөнхбат аварга аймгийн арслан Б.Бат-Эрдэнийг хутгаад өвдөг шороодуулсан.  Улсын харцага Ц.Содномдорж аймгийн арслан Г.Ганжадыг  хонгодоод суулгасан бол аймгийн арслан М.Бадарч улсын начин Ч.Батчулуунаар зургаа давж харцага цолд хүрсэн. Энэ даваанд тунасан аймгийн арслан Б.Серик аймгийн арслан О.Хангай нарын барилдаанд Ховдын арслан илүүрхэж харцага болсон.

ХАРЦАГУУДАД ЭЭЛТЭЙ ДАВАА

Долоогийн даваанд  улсын аварга Г.Эрхэмбаяр улсын харцага Н.Жаргалбаярыг амлаж заан цолд хүргэсэн бол барууны манлай С.Мөнхбат аварга нутгийн харцага Ө.Бат-Оршихыг амлаад элэг бүсээ тайлсан. Харин улсын харцага Ц.Содномдорж аймгийн арслан М.Бадарчийг амлаад баруун давхар золгооноос даацтай хавирч хэцүү даваагаа гаталсан. Энэ даваанд тунасан хацага Н.Түвшинбаяр аймгийн арслан О.Хангай нарын барилдаан үзүүштэй болж олимпийн аварга баруун бусгаж заан цолны босго алхав.

ОЛИМПИЙН АВАРГА ӨВДӨГ ШОРООДОВ

Энэ даваанд улсын харцага Ц.Содномдорж  залуу харцага Н.Жаргалбаярыг амлаж барилдаад баруун тохоод, буцааж зайлаад гарди цолны босго алхсан бол тунасан хоёрын барилдаанд  Ө.Бат-Орших зайлж хавираад анх удаагаа түрүү булаалдахаар шалгарч үлдсэн.

Үзүүр түрүүний барилдаанд улсын харцага Ц.Содномдорж баруун хөмөрч давснаар хоймор нутгаас 14 жилийн дараа түрүү бөх тодорсон бол Увс аймгийн шилдэг харцага Ө.Бат-Орших үзүүрлэж гарди цол хүртсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?