Nike, Tag Heuer, Porsche, Аvon, Giant зэрэг компаниуд Мария Шараповатай гэрээгээ цуцалж эхэллээ. Мельдония хэмээх допинг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсний төлөө жилийн 140 сая ам.долларын ивээн тэтгэлгээ алдлаа. Хамгийн ноцтой нь таван удаагийн их дуулгын аварга, цагтаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж явсан, одоо ч хариагүй гэдгээ харуулж буй Шарапова их спортоо бүрмөсөн орхиход хүрсэн байна. Шараповагаас гадна биатлон, уран гулгалт, коньки, хөнгөн атлетикийн тамирчдын эрхийг хасаад байгаа нь Оросын спортын яамыг хөдөлгөж эхэллээ. Олон улсын допингийн эсрэг агентлагийн тэргүүн Ричард Паунд "Оросын хөнгөн атлетикийн тамирчид Риогийн олимпод оролцох эрхгүй" гэж хэлсэн нь гал дээр тос нэмлээ. Олон улсын допингийн эсрэг байгууллага нь АНУ-ын захиалгаар мельдонияг допингийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан, мөн шинжилгээний ажлыг АНУ-аас санхүүжүүлсэн гэж Оросын тал үзэж байна. Спортын шударга өрсөлдөөнийг улс төрийн аргаар шийдэж эхэллээ гэж Оросын спортын сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Э.ЦЭБЭ