Английн премьер лигийн 26 дахь улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаа 2015-2016 оны улирлын аварга “Лестер сити”, Лондоны “Арсенал” клубийн талбайд зочилсон юм.
Тоглолт эхнээсээ л өрсөлдөөнтэй явагдаж хоёрдох минутанд Эльненигийн дамжуулалтаар Франц довтлогч Лаказет дебут тоглолтондоо гоол оруулсан. Харамсалтай нь Арсеналын тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй тав дахь минутанд Харри Магуэрын мөргөж өгсөн дамжуулалтыг Лестерийн Япон довтлогч Оказаки мөргөж тоог тэнцүүлсэн юм. Үүний дараа 29 дэх минутанд Жими Уарди Олбрайтаны гоёмсог дамжуултыг гоол болгож багтаа тэргүүлэл авчирсан. Гэсэн ч эхний үеийн нэмэлт цагт Уэлбек багтаа тэнцээний гоолыг оруулж чадсан.
Тоглолтын шийдвэрлэх үе эхлээд удаагүй байхад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Уарди мөргөж гоолдсноор багтаа тэргүүлэл авчисан. Энэ үед Арсеналын дасгалжуулагч Уэнгер Олиер Жирү, Аарон Рамси нарыг талбайд оруулсан. Энэ нь ч нүдээ олж Рамси 83 дахь минутад, Жирү 85 дахь миниунд гоолдож өрсөлдөөнтэй явагдсан 90 минтутын эцэст “Их буучид” премьер лигийг хожлоор эхлүүллээ.