Бөхийн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн болзол хангалаа. Б.Мөнгөнчимэг эхний тойрогт Энэтхэг, хоёрдугаар тойрогт Финланд, гуравдугаар тойрогт Францийн Финот нарыг ялаад хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын өөр нэг бөх Кларинс Агбененуд ялагдсан. Харин дагах барилдаанд Бразилын тамирчинг ялаад хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын ЯН Жин шуаг цэвэр ялсан юм. Энэ жинд зодоглосон улсын хошой аварга Б.Ганхайч гуравдугаар тойрогт Их Британийн бөхөд хожигдож тэмцээнээ дуусгасан.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан ОУХМ О.Ууганбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн бөх Маркончинид ялагдаж дагах барилдаанд Белгийн Фринк Ди Уитыг боох мэхээр цэвэр ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Риогийн олимпийн аварга Хасан Халмурзаевт ялагдаж шагналт тавдугаар байр эзэллээ. Тэрээр 2013 оны ДАШТ-нд мөн тавдугаарт орж байсан юм. Монголын багийн тамирчид одоогийн байдлаар нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.
О.ДАШНЯМ