Олон улсын жүдо бөхийн холбооноос чансааг энэ сарын дөрвөнд шинээр гаргалаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн чансааг саяхан болж өндөрлөсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг 4440 оноотойгоор тэргүүлсэн байна.
Дэд байрт олимп, дэлхийн хүрэл медальт Казахстаны нэр дээр барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг 4390 оноотой бичигдэж байна.
Харин шинэ Дэлхийн аварга Японы Фуна Тонаки 3632 оноотой гуравдугаарт ДАШТ-ний алт, хүрэл медальт Конда Ами 3501 оноотой дөрөвдүгээр бичигдэж байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, олимпийн наадмын мөнгөн медальт МУГТ Д.Сумьяа 4732 оноотой тэргүүлж байгаа бол Дэлхийн аваргын мөнгөн медальт Цукаса Ёшида 3930 оноотой дэд байрт бичигдэж байна.
63 кг-д Словений Тина Терсениак 4990 оноотой тэргүүлж байгаа бол ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг энэ удаагийн чансаанд 12 байр өгсөж 2121 оноотой зургаадугаарт бичигдэж эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 60кг-ыг Дэлхийн аварга Наисо Такато 4700 оноотой тэргүүлж байна.
Харин энэ ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн МУГТ Г.Болдбаатар чансаанд долоон байр урагшилж 2561 оноотой дөрөвдүгээрт бичигдэж байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын чансааг Дэлхийн аварга Японы бөх Соичи Хашимото 5250 оноотой тасархай тэргүүлж байгаа бол ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ Г.Одбаяр чансаанд хоёр байр урагшилж 2980 оноотой дөрөвдүгээрт бичигдэж байна.