Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг Турк, Финланд, Израйл, Румын улсууд энэ өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна.
Өнгөрсөн шөнө тэмцээний “B” хэсэгт багтсан Литвийн баг тав дахь тоглолтоо Германы багийн эсрэг хийж 89:72-оор буулгаж авлаа. Литвийн багаас Янас Уаленчунас онцгой тоглолт үзүүлж 27 оноо, 15 самбараас бөмбөг авсан байна. Түүнд Мотениус 15 оноогоор туслажээ.
Харин Германаас “Атланта Хаукс”-ын хамгаалагч Деннис Шрөдер 26 оноо авсан ч баг нь ялагдсан байна. Тоглолтод дундын зайн довтолгоог Литви 60 хувьтай гүйцэтгэсэн бол Герман 53 хувьтай довтолжээ.
“B” Литви есөн оноотой тэргүүлж Герман болон Италийн найман оноотой удаалж Украйн, Гүржийн багууд долоон оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байна.
О.ДАШНЯМ