“Монголын хөлбөмбөгийн цом”-ын тэмцээний шөвгийн наймын тоглолтууд явагдлаа. Энэ шатанд “Дэрэн” клуб талбайдаа дээд лигид анхны жилдээ тоглож буй “Атлетик 220”-ыг хүлээн авч 4:1-ээр хожил байгуулж хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын эхний гоолыг 25 дахь минутанд Дэрэнгийн 10 дугаартай А.Тэмүүжин хаалттай цохилтоос оруулсан бол үүний дараахан цагтаа Монголын хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөр тодорч байсан А.Чинзориг алсын цохилтоос гоолдож багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан байна.
Шийдвэрлэх хоёрдугаар хагаст ч Дэрэнгийн залуус илүү тоглолт үзүүлж довтлогч М.Жансерек дубль хийж тоглолтын хувь заяаг шийдсэн юм.
Харин тоглолтын төгсгөлд Монголын шигшээ багийн ахлагч Д.Төрбат “Атлетик 220”-ын нэр төрийн гоолыг оруулсан. Дэрэн клуб тэмцээний хагас шигшээд ФС Улаанбаатар болон Гоёо багуудын хожсонтой тоглох болно.
Мөн энэ өдөр “Улаанбаатар сити” “ДМЮ” клубийг 16:0-ээр илүүрхэж хагас шигшээд шалгарсан байна.