Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл Афинд үргэлжилж байна. Охидын 52 кг-ийн жинд зодоглосон Б.Хонгорзул хүрэл медаль хүртсэн байна. Б.Хонгорзулын жинд 22 орны тамирчин барилдсан бөгөөд эхлээд Украины Соломиа Винникийг, дараа нь Канадын Виктория Салыг тус бүр оноогоор цэвэр ялсан ч 1/4 шигшээд 2016 оны өсвөр үеийн Азийн аварга Японы Юзүка Инагакид 2:12-оор ялагдав. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болсон. Дагах барилдаанд Польшийн Аманда Томшикийг 7:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд өнгөрсөн жилийн ЕАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Анастасья Сиделниковаг 6:1-ээр тус тус ялсан юм.
О.ДАШНЯМ