Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын АНУ-ын Калифорни мужид энэ сарын 15-нд хийх байсан тав дахь тулаан цуцлагдлаа. Учир нь түүний өрсөлдөгч Рафаэль Васкес рингэнд гарах боломжгүй гэдгээ өнгөрсөн баасан гарагт албан ёсоор мэдэгдлээ. Өдгөө 38 настай Рафаэль Васкес нийт 18 тулаан хийхдээ ердөө хоёрхон ялагдсан түүхтэй. Н.Төгсцогтын энэ удаагийн тулаан мэргэжлийн рингэнд анх удаа 10 раунд хүч үзэх байснаараа спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байсан юм. Н.Төгсцогт 2015 оны 3 дугаар сарын 13-нд АНУ-ын Г.Брэкстон, 4 дүгээр сарын 18-нд Мексикийн М.Рубалкаваг эхний үед, 8 дугаар сарын 3-нд Мексикийн А.Бадильог гуравдугаар үед, 12 дугаар сарын 3-нд Мексикийн П.Мелог хоёрдугаар раундад тус тус хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж нутагт нэгтнүүд болон спорт сонирхогчдын цөсийг хөөргөсөн юм. Н.Төгсцогтын эхний хоёр тулаан 6 раунд, дараагийн хоёр нь 8 раунд тулалдах байсан ч 4 тулаанд нийт 7 раунд л зарцуулсан байна.
Х.АЯЛГУУ