Монголын хөлбөмбөгийн холбооноос “Арвайн үндэс” компанитай хамтран зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 17-р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүж байсан “Эрчим” талбайдаа “Гоёо эф си” клубийг хүлээн авч 2:1-ээр буулгаж авснаар дээд лигид 11 дэх удаагаа түрүүлэх болзлоо хангасан байна.
Тоглолтын эхний үеийн 33 дахь минутад “Гоёо Эф Си” клубийн довтлогч С.Энхсайхан тооны харьцааг нээж, багтаа давуу байдлыг авчирсан. Харамсалтай нь Гоёо багаас О.Одбаяр 38 дахь минутад хоёр дахь шар хуудсаа авч, талбайг чөлөөлснөөр багаа хүнд байдалд оруулсан. Хүн дутуу тоглосон Гоёо клубийн залуус шийдвэрлэх үед нягт хамгаалсан тоглолт үзүүлж байсан ч 84 дэх минутад төвийн хамгаалагч Г.Төгөлдөр тооны харьцааг тэнцүүлэв.
Тоглолтын шийдвэрлэх гоолыг жигүүрийн хамгаалагч Г.Билгүүн 90+4 дэх минутад оруулсан юм. Ингэснээр “Эрчим” Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ үндэсний лиг”-т гурав дараалан түрүүлж, үндэсний лигийн аваргын цомыг 11 дэх удаагаа өргөх болзлоо хангалаа.