Монголын Тусгай Олимпын Хорооны “Зуны спортын үндэсний наадам”-ын хөлбөмбөгийн төрөл өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.
Долоон багийн 70 гаруй тоглогчид оролцсон тэмцээний 40 гаруй нь оюуны бэрхшээлтэй үлдсэн нь дэмжин тоглогчид байв. Эн тэнцүү сонирхолтой өрсөлдөөний эцэст Орхон аймгийн баг аваргалсан бол мөнгөн медалийг 55-р сургууль, хүрэл медалийг 70-р сургуулийн баг тус тус хүртлээ. Тусгай Олимпын “Зуны спортын үндэсний наадам” нь цаашид дөрвөн жилд нэг удаагийн давтамжтай зохиогдоно. Энэ жил анх удаа зохиогдож буй “Зуны спортын үндэсний наадам” Хөлбөмбөг, Хөнгөн атлетик, Агаарын теннис, Ширээний теннис, Жүдо, Усан спорт, Боче гэсэн долоон төрлөөр зохион байгуулагдаж байна.
Хөлбөмбөгийн төрлийг зохион байгуулахад Монголын Хөлбөмбөгийн Холбоо уламжлал ёсоор гар бие оролцон, тэмцээнийг амжилттай явууллаа. МХБХ жил бүрийн 06 сарын 01-нд зохион байгуулдаг “Грассрүүтс” хөтөлбөртөө оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулан, тэдэнд хөлбөмбөгийн спортод хайртай дуртай болж, хичээллэх боломж олгодог.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр ч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар баг тамирчдад бөмбөг гардуулаад зогсохгүй “Цаашид Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллаж, хөлбөмбөг тоглох сонирхолтой хүүхэд залуусыг дэмжин ажилласаар байна” гэдгээ хэллээ. Монголын Тусгай Олимпын бүх баг тамирчдад нийт хөлбөмбөгчдийнхөө өмнөөс амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Эх сурвалж : МХБХ