ЕВРОПУУД ШИРЭЭНИЙ ТЕННИСЭЭР МАНЛАЙЛЛАА

2017-10-24  

Ширээний теннис гэдэг спорт нь Азид, ялангуяа Хятад, Солонгос улсад өндөр хөгжсөн хэмээх ойлголт нь хүн бүрт байдаг биз. Гэвч анх Англи улсаас гаралтай уг спорт нь Европт маш сайн хөгжсөн гэдгийг Бельгийн Лийж хотноо харууллаа. Энэ оны 10 дугаар сарын 20-22 хооронд ширээний теннисний эрэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуудагдаж, нийтдээ 16 улсаас 20 лидер тоглогчид хүч үзсэн юм. Дэлхий даяр теннис сонирхогчид хятад тамирчид түрүүлнэ гэдэгт бараг л бат итгэлтэй байв. Учир нь сүүлийн 30 жилийн турш Хятадын шигшээ багийнхан дэлхийд ноёрхож байсныг зарим нэг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. 1990-ээд онд Швед улс мөн дэлхийд тэргүүлж байсан удаатай. Харин саяхан болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд аваргын төлөө хоёр герман тоглогч тунаж үлдэж ойрд тохиогоогүй сенсацийг дэгдээлээ.

Дэлхийн цомын тэмцээний тухай тойм

Энэхүү тэмцээн нь Дэлхийн аваргаас нэг зүйлээр ялгаатай. Үүнд Ази, Европ, Африк, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали тив бүрээс шигшэгдсэн 20 тамирчин оролцдог. Товчоор хэлвэл ширээний теннисний “VIP” тэмцээн гэнэ. Мөн нэг улсаас хоёроос илүүгүй тамирчин тоглох эрхтэй байдаг. Иймдээ ч дэлхийд тэргүүлдэг Хятад, Солонгос, Герман, Япон гэх орноос хоёр хоёр тамирчин хүч үзсэн юм. Хамгийн хүчтэй бөгөөд “дийлэгдэшгүй” хэмээх Хятадын тамирчин Ма Лонг, түүний хамт залуу тамирчин, 2017 оны Азийн цомын аварга Лин Гаояанг улсаа төлөөлсөн. Ма Лонгийн хувьд анх 2006 онд Хятадын шигшээ багт элссэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй бүх дээд зэрэглэлийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Түүний амжилтуудаас цухуйлгахад 2016 оны олимп, 2015, 2017 оны дэлхийн аварга, 2017 оны Хятадын бүх ард түмний спортын наадмын аварга. Өөрөөр хэлбэл Сумогоор одоогийн Хакухо Даваажаргал л гэсэн үг. Хүн бүр түүнийг аваргын цомыг өргөнө гэж таамгалсан боловч тэмцээний хагас шигшээ тоглолтондоо Германы домогт тамирчин Тимо Боллд 4:3-ийн харьцаатайгаар ялагдаж олон нийтийг шуугиулж байна.

Зүүн талаас Ванг Хао, Тимо Болл, Ма Лин. 2005 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, Бельгийн Лийж хот.
/ Зургийг 
Butterfly сэтгүүлээс ашиглав /

Тимо Болл гэж хэн бэ? Дэлхийд 2 удаа чансаагаар тэргүүлж байсан тамирчин маань дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын 2 удаагийн аварга. Олимпод ганцаарчилсан төрлөөр медаль авч байгаагүй ч багийн тоглолтод багаа манлайлж сүүлийн гурван олимпоос нэг мөнгө, хоёр хүрэл хүртсэн юм. Тиймдээ ч 2016 оны Риогийн олимпийн наадмын нээлтийн үеээр түүнд Герман улсын далбайг өргөх завшаан олдсон удаатай.

Түүний нэгэн мартагдашгүй ялалтын тухай товч дурдая. 2005 онд мөн Бельгийн Лийж хотод дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ гурван Хятад тамирчинг хожсон – тэд нар нь Ванг Личин, Ма Лин, Ванг Хао. Энэ гурван хүн нь 2000-2013 онуудад Хятадын теннисний нүүр царай болж байсан. Дандаа дэлхий, олимпийн аваргууд. Тимо Болл нь Хятадуудыг хамгийн их айлгадаг одон бөмбөгчин. Энэ жил тэрээр 36 настай бөгөөд тэмцээний хамгийн ахмад тамирчин байсан ч дэлхийн номер 1 хятад тоглогчийг буулгаж авлаа. Тэрний өмнө Хятадын Лин Гаояангтай шөвгийн 8-д таарч 4:3-р хожсон. Хамгийн гайхалтай нь шийдвэрлэх 7 дугаар сет дээр 10:4-өөр хожигдож байгаад 13:11 харьцаатайгаар өрсөлдөгчдөө хожин туршлага заалаа.

Германы Дмитрий Овчаров дэлхийн цомын эзэн болох мөч.
/ Зургийг Дэлхийн ширээний теннисний холбооноос ашиглав /

Сүүлийн үед бас нэгэн амжилттай яваа тамирчин бол Германы Дмитрий Овчаров. 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медальт ба европын аварга тамирчин тэрээр энэ жилийн дэлхийн цомын аварга боллоо. Финалын эхний тоглолтондоо Украйн улсын Коу Лэйг 4:0, удаагаар Оросын Александр Шибаевтай эн тэнцүү өрсөлдөж 4:3-ийн харьцаагаар буулгаж авсан. Харин хагас шигшээд түүний дараагийн өрсөлдөгч 23 настай Францын Симон Гаузитай мөн маш үзүүштэй, ширүүн тоглолт үзүүлж 4:3-ийн харьцаагаар хожсон. Ингээд аваргын төлөө нутаг нэгт Тимо Боллыг 4:2-оор хожиж карьерийнхаа дээд амжилтыг тогтоон 45 мянган долларыг халааслав. Энэ нь дэлхийд анх удаа Германы тамирчид финалд буюу алтын төлөө тоглосон үйл явдал болов.

Дээрх дурдсан Симон Гаузи нь анх 2010 онд Сингапурт болсон хүүхдийн олимпийн наадамд хүрэл медаль авч тодорч байсан. Мөн жилийн өмнө европын аварга шалгаруулах тэмцээнд өөрийн нутгийн тамирчин Лебессон Эмануэлтэй хүч үзэн хожигдож мөнгөн медаль авч байжээ. Хэдийгээр тэрээр энэ тэмцээнээс медаль авч чадаагүй ч гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Тухайлбал шөвгийн наймд олимпийн хүрэл медальт Японы тамирчин Мизутаниг 4:3-р хожсон. Хагас шигшээд Овчаровд хожигдсоны дараагаар Ма Лонгтой 3-р байрны төлөө тоглохдоо 2 сет салгаж авч чаджээ.

Дасгалжуулагчийн нөлөө

Энэ удаагийн тэмцээнд багаа амжилттай авч явсан хүн бол Германы шигшээгийн дасгалжуулагч, 1996 оны Атлантагийн олимпийн хүрэл медальт Жорж Роскопф юм. Түүний ачаар Герман улс олон жил Европтоо ноёрхож дэлхийд ихэвчлэн Хятадын араас ордог байв. Харин Хятадын тамирчдийн хувьд дасгалжуулагчаар 2004, 2008, 2012 онуудын гурван удаагийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Ванг Хао ажилласан юм. Тэрээр анх удаа том тэмцээнд багаа удирдан ажиллахдаа тааруу амжилт үзүүллээ. Түүний удирдлага доор Лин Гаояанг нь 10:4-с баригдаж хожигдсон нь магадгүй хариуцлага тооцоход хүргэх байх. Түүнчлэн Ма Лонг нь алтан медаль хүртсэнгүй. Хэрэв Ванг Хаогийн оронд өмнөх дасгалжуулагч Лю Гуолянг байсан бол тэмцээн арай өөрөөр эргэх байсан байх. Лю Гуолянг нь 1996 оны Атлантын олимпийн аварга, 1999 оны дэлхийн аварга, 2000 оны Сиднейн хүрэл медальтай домогт тамирчин. Гэвч тэрээр маш залуудаа зодог тайлж дасгалжуулагчийн карьерийг хөөж эхэлсэн билээ. Тэрээр хэлэхдээ 2008 онд Бээжин хотноо олимп зохион байгуулах тухай мэдсэн даруйдаа хэрхэн хувь нэмэр оруулахаа бодож эхэлсэн гэдэг. Тамирчны хувьд оролцвол залуучуудын хурдыг хэдэн жилийн дараа гүйцэхээ болино хэмээн бодсон тул дасгалжуулагч болохоор шийдсэн гэдэг. Ингэснээр тэрээр тэрхүү олимпт алт, мөнгө, хүрэл медалиудыг эх орондоо авчирсан билээ. Мөн бусад бүх олимп, дэлхийн аварга ба олон улсын тэмцээнүүдэд зөвхөн алтан медалийг л байлдан дагуулсан юм.

Зүүн талаас : Жан Жике, Дасгалжуулагч Лю Гуолянг, Ванг Хао, Ма Лонг. 2012 оны Лондонгийн олимп
/ Зургийг Дэлхийн ширээний теннисний холбооноос ашиглав/

Дашрамд дуулгахад Монголын ширээний теннисний холбооноос жил бүр зохион байгуулдаг сонирхогчдын лигийн тэмцээн теннисний ОЧ клуб дээр хагас, бүтэнсайн өдөр бүр явагдаж эхэлсэн. 11 сарын дундаас Хөгжлийн лиг, удаагаар Дээд лиг эхлэх бөгөөд зарим олон улсын чансаатай тамирчид оролцох сурагтай байна. Манай улсын шигшээ багийн тамирчид, ОУХМ Я.Бэгз, ОУХМ Э.Лхагвасүрэн нар дээрх зураг дээрх захын хоёр тамирчидтай хосоор тоглохдоо нэг сет салгаж хөл бөмбөгөөр дүрсэлвэл Бразилийн хаалганд Монголчууд гол оруулсантай ойролцоох юм. Тэдгээр нь гадны тамирчидтай хэрхэхийг лигийн тэмцээнээс үзэх боломжтой юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?