МОНГОЛЫН ГУРВАН БҮСГҮЙ ЧЕБОКСАРТ ТҮРҮҮЛЭВ

2017-12-06  

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн арванхоёрдугаар сарын 4-5-нд ОХУ-ын Чуваш улсын нийслэл Чебоксарын “Чебоксар Арена” спортын ордонд боллоо. Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны 143 тамирчин найман жинд өрсөлдөв.

2017 оны эмэгтэйчүүдийн отгон тэмцээнд манай улсын 18 тамирчин зодоглосноос 55 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 69 кг-д “Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар алт, 63 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа мөнгө, 69 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ. 

"Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа Чебоксарын дэвжээнд Якутын Александра Карамзинаг 10:0, Москвагийн Александра Скиренко цэвэр, нутаг нэгт ОУХМ Г.Отгонжаргалыг 12:2-оор, Буриадын Стальвира Оршушийг 4:0-ээр, Хакасын Наталья Малышева 3:1-ээр сөхрүүлж манайхны анхны алтан медалийг хүртсэн. А.Батцэцэг тэгшитгэлд Кемеровогийн Зельфира Садраддиноваг 14:4-өөр, 1/8 шигшээд Москвагийн Екатерина Чернушкинаг цэвэр, шөвгийн наймд Юлья Албаровог 8:1-ээр, хагас шигшээд эзэн орны Анастасья Яковлеваг 6:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд Калининградын Александра Андрееваг 8:5-аар ялсан.

Гавьяат тамирчин О.Насанбурмаа Буриадын Евгения Захарченко, Татарстаны Светлана Бабушкина, Красноярскын Юлья Максимова нарыг тус бүр цэвэр ялж, шигшээ барилдаанд энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн финалд ялагдсан АНУ-ын Тамира Мынсатай даагаа амжилттай нэхэж 6:4-өөр ялснаар Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирсан. О.Насанбурмаа, А.Батцэцэг нар өнгөрсөн жилийн амжилтаа бататган аваргаа хамгаалж, Э.Сумъяа анх удаа түрүүлэв. ОУХМ А.Батцэцэг тус тэмцээн дөрвөн удаа зохион байгуулагдахад бүгдэд нь медаль хүртсэн  ховорхон амжилт үзүүллээ. Түүнчлэн тэрбээр 10 гаруй хоногийн зайтай гурван тэмцээнээс дараалан медаль хүртсэн (23 хүртэлх насны ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн) бөгөөд ийнхүү иж бүрэн медалийн цуглуулгатай эх орондоо ирнэ. Сонирхуулахад, тус тэмцээний аваргууд 3000 ам.доллараас гадна гантиган суурьтай хүрэл “Матрешка” цомыг гардсан.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

48 кг (25 бөх): 1. Виктория Энтони (АНУ) 2. Надежда Федорова (ОХУ, Чуваш) 3. Валерия Чепсаракова (ОХУ, Кемерово), Алина Морева (ОХУ, Брянск)
53 кг (24): 1. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол) 2. Наталья Малышева (ОХУ, Хакас) 3. Сара Хильдбранд (АНУ), Стальвира Оршуш (ОХУ, Буриад)
55 кг (14): 1. Нина Менкенова (ОХУ, Буриад) 2. Мария Гурова (ОХУ, Москва) 3. Виктория Ваулина (ОХУ, Дагестан), Жаккара Винчестер (АНУ)
58 кг (19): 1. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 2. Александра Андреева (ОХУ, Калининград) 3. Кристина Елоева (ОХУ, Алания), Анастасья Яковлева (ОХУ, Чуваш)
60 кг (16): 1. Юлия Пронцевич 2. Динара Салихова (хоёул ОХУ, Москва) 3. Наталья Федосеева (ОХУ, Кемерово), Аллисан Раган (АНУ)
63 кг (15): 1. Мэллори Велт (АНУ) 2. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) 3. Светлана Бабушкина (ОХУ, Татарстан), Инна Тражукова (ОХУ, Дагестан)
69 кг (14): 1. Очирбатын Насанбурмаа (Монгол) 2. Тамыра Мынса (АНУ) 3. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол), Юлия Максимова (ОХУ, Красноярск)
75 кг (16): 1. Эпп Мае (Эстони) 2. Аделин Грэй (АНУ) 3. Анжела Катаева (ОХУ, Буриад), Эльмира Сыздыкова (Казахстан)

 

Эх сурвалж : МЧБХолбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга