ЭЛЭГНИЙ B, D ВИРУС ХАВСАРЧ ИЛЭРДЭГ ГУРАВХАН ОРНЫ НЭГ НЬ МОНГОЛ

2017-12-07  

Цэргийн төв эмнэлэгт энэ өдрүүдэд элэг болон хавдрын чиглэлээр мэргэшсэн БНЭУ-ын эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Үзлэгийг сурвалжлахаар өнгөрсөн мягмар гарагт Цэргийн төв эмнэлэгт очиход иргэдийн урт дугаарлал үүссэн байлаа. Иргэд шаардлагатай бичиг баримт, шинжилгээгээ бүрдүүлсэн, энэтхэг эмчээс зөвөлгөө авах нь хамгийн чухал байна гэж байв. Цэргийн төв эмнэлгийнхэн дугаарласан иргэн бүрийг үзүүлэхэд нь туслах бөгөөд Энэтхэг эмч нартай хамтран нарийн мэс засал хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо өгөх боломжгүй гэцгээв. Ингээд үзлэг хийгээд завгүй суугаа Энэтхэгийн профессор Санжэй Сингх Негитэй ярилцлаа. Тэрээр БНЭУ-ын Дели хотын “Би Эл Кэй Супер Спешиалти” эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, элэг шилжүүлэн суулгах хэлтсийн дарга бөгөөд олон улсын эмч ажээ.

-Доктор, профессор Санжэй Сингх Неги та манай улсын иргэдэд ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээр ирэв?

-Миний бие элэгний өвчлөлийн чиглэлээр олон жил мэргэшин ажиллаж байна. Хүн хамгийн сайн чаддаг ажлаа бусадтай хуваалцаж, тусламж хэрэгтэй нэгэнд хүртээж байх ёстой. Энэ үүднээс Монгол Улсад долоо дахь удаагаа ирээд байна. Монгол, Энэтхэг хоёр улс соёл, уламжлал, амьдралын хэв маяг ойролцоо, бурханы шашин шүтдэгээрээ ижил учраас Монголд ирэх их дуртай. Энэ удаа Цэргийн төв эмнэлгийн удирдлагын урилгаар ирж, иргэдэд элэгний өвчлөлийн үзлэг хийж, заавар зөвлөгөө өгч байна. Энэ хугацаанд эргээд харахад монголчуудын элэгний өвчлөл маш их юм. Яагаад элгээр өвчлөөд байна вэ гэхээр гурван шалтгаан байна, миний бодлоор нэгдүгээрт, хепатит В, С вирусын улмаас элэг өвчилж байна. Дээрээс нь хепатит В-гийн вирус, хепатит D-гийн вирустай хавсарсан байдлаар илрэх боллоо. Олон улсад D вирус шинээр илрээд удаагүй байхад Монгол Улсад бүр хавсарсан байдлаар илэрч байгаа нь сонин. Миний ажлын туршлагаас харахад хавсарсан шинж тэмдэгтэй илэрдэг орон маш цөөхөн. Монгол, Узбекстан, Пакистан гэсэн гурван орон байна. Хоёрдугаар шалтгаан бол буруу хооллолт. Өнөөдөр монголчуудын олонхи нь илүүдэл жинтэй. Энэ нь элэгний өөхлөлтөд хүргэж цаашлаад өвчлүүлэх гол шалтгаан болж байгаа юм. Гуравдугаарт, согтууруулах ундаа. Архийг байнгын давтамжтай хэтрүүлэн хэрэглэж байгаа нь өвчин үүсгэх голомт болж байна. Иймээс та бүхэнд хэлэх гурван захиас байна. Хэрэв та вирусын гаралтай элэгний өвчнөөс сэргийлж байгаа бол нас үл харгалзан заавал вакцин хийлгэ. Гэхдээ вакцин хийлгээд эрүүл боллоо гээд орхиж болохгүй. Вирусын эсрэг биет үүссэн эсэхийг тогтоосныхоо дараа дахин хийлгэх шаардлагатай. Таргалалттай тэмцэхийн тулд хөдөлгөөнтэй байж сур. Эцэст нь согтууруулах ундааг зохистой хэмжээнд нь хэрэглэ.

-Та сая хэллээ. Монгол Улсын иргэд элэгний B, D вирусын хавсарсан шинжтэй гуравхан орны нэг гэж. Үүний шалтгаан юу вэ?

-Одоогоор шууд хариулах боломжгүй. Судалгааны түвшинд байна. Хэсэг хугацааны дараа хариулт нь гарна байх.

-Та бүхэн цаашдаа манай Цэргийн төв эмнэлэгт дахин ирж үзлэг хийх үү?

-Цэргийн төв эмнэлэгтэй нягт холбоотой ажиллахын тулд хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах сонирхолтой. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд хамтарсан хагалгаа хийхээс эхлээд госпиталийн эмч нарыг Энэтхэг улсдаа сурган дадлагажуулна. Ингэснээр мэргэшсэн эмч нар элэг шилжүүлэх хагалгаа хийх боломжтой болно. Иргэдийг үнэ төлбөргүй үзэх үзлэгийг ч гэсэн тогтмол зохион байгуулах бодолтой байгаа. Болж өгвөл хоёр сар тутамд ирж, үзлэг хийнэ. Мэдээж өмнө нь үзүүлсэн иргэд дахин ирж хяналтад орох боломжтой.

 

 

Эх сурвалж : "Соёмбо" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?