Өмнөх засгийн газрын үед буюу УУХҮ-ийн сайдаар Ц.Дашдорж ажиллаж байхдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамыг өөрчлөх 40-р тогтоол гэгчийг гаргасан байдаг. Ингэхдээ "Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсвэл хууль бус олборлолтод өртсөн талбайтай давхцалтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно" гэж өөрчилжээ. Харин энэ журмын өөрчлөлтөөр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 7 газарт тусгай зөвшөөрөл олгосон байна.
Өөрөөр хэлбэл, орон нутаг нь газраа хамгаалж тусгай хэрэгцээнд авчихсан байхад энэхүү журам гэгчээр далайлган ухах боломж бүрдүүлсэн хэрэг.
Уг нь хуулиндаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт лиценз олгохыг хориглосон байдаг ч хуулиасаа давсан журмаар ийнхүү лиценз олгосон байдаг. Тиймдээ ч эдгээр олгосон лицензүүдийг эсэргүүцэн нутгийн иргэд тэмцсээр байгаа юм. Харин энэ журмыг цуцлуулах тал дээр анхаарч ажиллаж байгааг УУХҮ-ийн сайд нь онцоллоо. Мөн АМГТГ ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
С.ШҮРЭНЧИМЭГ