Өвлийн олимпийн наадмын хамгийн сонирхол татдаг төрлүүдийн нэг нь уран гулгалтын спорт байдаг.
Энэ удаагийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд өрсөлдөх шилдэг 30 тамирчны нэр албан ёсоор тодроод байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө Сочигийн олимпод Оросын Аделина Сотникова нутагтаа манлайлсан бол “мөсний хатан” Солонгосын Ким Юу На асуудалтайгаар мөнгөн медаль зүүж, Италийн Коралин Костнер хүрэл медаль авч байв. Аделина Сотникова энэ удаагийн олимпийн эрхээ авч чадаагүй бол Ким Юу На 2014 оны олимпийн дараа 24 настайдаа зодог тайлж буйгаа албаг ёсоор зарласан. Иймээс Пёнчанд шинэ авагра төрөх магадлал өндөр байгаа юм.
Пёнчаны мөсөн талбайд хамгийн тод гялалзах одоор Олон улсын олимпийн хорооны нэр оролцож буй Оросын холбооны улсын тамирчин, дэлхийн чансааг тэргүүлэгч Евгения Арманова Медведева гэх 19 настай охиныг нэрлэж байна.
Медведева 2016 болон 2017 оны уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, саяхан Оросын холбооны улсад зохиогдсон Европын аварга шалгаруулах тэмцээнд нутаг нэгт Алина Загитовад ялагдаж мөнгөн медаль зүүсэн. Ийм ч учраас дэлхийн чансааг тэргүүлэгч Медведева Загитовагаас “даагаа нэхэх”-ээр Пёнчаны мөсөн талбайд гарах болов уу.
Медалийн тавцанд зогсох магадлал өндөр өөр нэг тамирчин нь Канадын Кетлин Осмонд. Канад бүсгүй 2014 оны олимпийн наадмын уран гулгалтын багийн төрөлд оролцож мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа ганцаарчилсан төрөлд хүч сорихоор болжээ. Кетлин 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч хүчтэй өрсөлдөгч болохоо мэдэгдсэн.
Томчуудын зүрхэнд “шар ус хуруулж” буй өөр нэг тамирчин нь Габриел Делмэн. Сүүлийн үед ур чадвар нь хурдацтай ахиж буй Канад охин өнгөрсөн оны дэлхийн аварга шагаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан.
Олимпийн наадамд медаль горилж очих Америк иргэншилтэй Хятадад төрсөн Карен Чен. 18 настай ч мэргэжилтнүүд түүнийг медальд ойрхон гэж үзэж байгаа. Харин Ази тивийн төлөөллүүдээс өвлийн олимпийн наадмаас медаль зулгаах магадлал хамгийн өнөдөртэй нь Японы тамирчин Сатоко Мияахара.
Тэрээр 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль зүүж байжээ. Мөн чансаа өндөр шилдэг тамирчид оролцдог Марселийн грапри тэмцээнээс 2016, 2017 онуудад дараалж мөнгөн медаль хүртжээ. Мияахара дэлхийн чансааны долоодугаарт эрэмбэлэгдэж байна.
Олимпийн наадмын зохион байгуулагч Солонгосчууд Чой Да Бин гэх 19 охинд итгэл хүлээлгэж байна. Чой Да Бин 2017 онд Азийн өвлийн тоглолт Японы Саппарод болоход түрүүлсэн бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландад зохиогдоход шагналт аравдугаар байр эзэлсэн.
Пёнчаны мөсөн талбайд гялалзах өндөр магадлалтай тамирчдыг тандахад ийм дүр зурагтай байна.
Д.НЯМАА