Өчигдөр буюу 2-р сарын 19-ны өдөр хоёр хүний чарга буюу бобслейн төрөлд тамирчдын дунд гал гарсан ширүүн өрсөлдөөн болж өндөрлөлөө. Эхний таван байрт орсон тамирчдыг ердөө секундын дөрөвний нэгтэй тэнцэх хугацаа заагласан бөгөөд Канадын хос Жастин Крипс болон Александер Копач нар дөрвөн гарааны дараагаар нийт гурван минут 16.86 секундын амжилт үзүүлсэн юм. Харин Германы хос Францеско Фредрих болон Торстен Маргис нар мөн тэдэнтэй ижил үзүүлэлттэй барианд орсон байна. Энэхүү амжилтаар Канад болон Герман улсууд олимпийн наадмын алтан медалийг хамт хүртэхээр болжээ. 1998 оны Японы Нагано хотноо болсон олимпийн наадмын энэ төрөлд Итали болон Канадын хос гурван минут 37.24 секундээр алтан медалийг хуваан хүртэж байсан түүхтэй. Ийнхүү БНСУ-ын Пёнчан хотноо сүүлийн 20 жилд тохиогоогүй үйл явдал болсон байна.